Улаанбаатар хотод нийтийн бие засах газрын хүрэлцээ хангалтгүй байна

2011 онд улаанбаатар хотод 33 нийтийн бие засах газрыг байгуулах "Сити тойлет" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын стандартын дагуу Сити тойлет нь эрэгтэй, эмэгтэй бие засах өрөөнөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие засах өрөө, хүүхдийн живх солих зориулалтаар ашиглах өрөө зэргийг шийдэж өгсөн байдаг байна. Харин Улаанбаатар хотод байгаа нийтийн бие засах газрууд хүрэлцээгүй байгаан дээр стандартын шаардлага  хангахгүй байгаа юм. Нийт 63 сая төгрөгийн өртөг шаардсан эдгээр нийтийн бие засах газрууд иргэдэд улирал харгалзахгүйгээр өглөө 08 цагаас шөнийн 12 цаг хүртэл үйлчилнэ гэсэн журамтайгаар анх нээгдсэн. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ердөө 22 Сити тойлет үйл ажиллагаа явуулж байна. Гэвч эдгээр нийтийн бие засах газрууд хүрэлцээ болоод стандартын шаардлага хангахгүй байгаа талаар иргэд хэллээ. Сити тойлет төсөл анх хэрэгжихдээ үнэ төлбөргүйгээр үйлчилнэ  гэж тодотгож байсан ч нийтийн бие засах газрын төлбөр 200 төгрөг хэвээр байгаа юм. Тиймээс нийтийн бие засах газарт зориулан улсаас гаргаж байгаа төсөв болон хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар нийслэлийн хот тохижилтын газраас тодруулсан. Уг төслийг анх хэрэгжүүлж эхэлсэн "Улаанбаатар сан" хувьцаат компани 2015 онд татан буугдсанаар Сити тойлетын үйл ажиллагаа нийслэлийн хот тохижилтын газарт шилжсэн байна. Харин уг байгууллага одоо үйл ажиллагаа явуулж байгаа 22 нийтийн бие засах газрын зургааг нь ашиглалтын бус буюу түрээсийн журмаар ажиллуулдаг байна. Үлдсэн 16 нийтийн бие засах газарт төсөвлөсөн мөнгө хүрэлцдэггүй учир Сити тойлетын тоог нэмэгдүүлэх, сайжруулах боломжгүй байдаг байна.