Авто зам дээрх түгжрэлийг нийтийн тээврийн шинэчлэл, нийслэлээс боловсруулсан саналуудаар шийдвэрлэж чадах уу?

Нийслэлийн авто зам дээрх түгжрэлийг шийдвэрлэхээр дэд бүтцийн болон төлөвлөлтийн ажлуудыг төлөвлөөд байгаа. Үүний нэг шийдлийг сургуулийн автобус болон нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх гэж нийслэлийн удирдлагууд үзсэн. Тэгвэл сурагчийн автобусны тоог 240 орчим болговол  их тойруу орчим дахь ачаалалтай сургууль руу хүүхдээ машинаар тээвэрлэж сургуульд нь хүргэж өгдөг  9600 хүний тоо 2400 хүртэл цөөрөх боломжтой юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосны улмаас 7 сар гаруйн хугацаанд Нийслэлчүүдийн хувьд хөдөлгөөн эрс татраад байсан ч 9-р сар гарсаар замын хөдөлгөөнд оролцогчдын хувьд түгжрэл хамгийн том асуудал болоод байна. Өнөөдрийн байдлаар  602.300 гаруй машин бүртгэлтэй байна. Үүнээс 500 мянган машин өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог.

Судалгаагаар, түгжирсний улмаас 1 цагт түгжрэх шатахууны зардал өдөрт 483 сая, сард 14.5 тэрбум, жилд 145.1 тэрбум төгрөг агаарт замхардаг байна. Мөн судалгаагаар нийслэлийн 53 мянган өрхийн дунд замын хөдөлгөөнд оролцсон зорилгыг тодруулахад 52 хувь нь ажилд явах, гэртээ харихад, 25 хувь нь сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авах байжээ.  Харин тээврийн хэрэгслийн сонголтын хувьд 49 хувь нь хувийн машин,  39 хувь нь автобус, троллейбусаар зорчиж байжээ. Тиймээс нийслэлээс авто зам дээрх түгжрэлийг бууруулахаар 30 орчим санал боловсруулсан. Энэ саналд авто зогсоолын нэгдсэн системтэй болох, төрийн албан хаагчид, ЕБС, цэцэрлэгийн хичээл эхлэх, тарах цагийг 30 минутын зайтай болгох, нийтийн тээврийн автобуснуудын чиглэлийг богиносгох, автобусны буудлуудын тоог нэмэгдүүлэх, сургуулийн зориулалтын автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүхдээ машинаар сургууль нь зөөдөг  хүний тоо 4 дахин буурах боломжтой гэж тооцжээ.

Нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлнэ гэж нийслэлийн удирдлагууд жил бүр ярьдаг ч 2014 оноос хойш 2019 он хүртэл манайд нийтийн тээврийн парк шинэчлэл огт хийгдээгүй. Тодруулбал  тухайн үед 72 автобус шинээр оруулж иржээ. Үүнээс 5 жилийн дараа буюу 2019 онд 13 автобусаар л нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэгджээ.