Японы эрх баригч намын даргаар сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ сонгогдлоо

Өнгөрөгч мягмар гарагт Япон улсын дараагийн Ерөнхий сайдыг сонгох сонгуулийн компанит ажлыг албан ёсоор тус улсын эрх баригч Либерал ардчилсан нам эхлүүлсэн.

Дараагийн ерөнхий сайдын суудалд тус намын 3 гишүүн өрсөлдсөн бөгөөд үүнд либерал ардчилсан намын сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, Батлан хамгаалахын сайд Асан Ишиба Шигерү, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио нар багтсан юм. Тэгвэл өнөөдөр болсон намын хурлаар японы эрх баригч либерал ардчилсан намын даргаар сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ томилогдож, ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авахаар болж байна. Сүга Ёшихидэг санал хураалтад оролцсон дийлэнх гишүүд дэмжжээ. Тэрбээр 9 дүгээр сарын 16-нд парламентын хоёр танхимын хуралдааны үеэр Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор томилогдоно.  Сүга Ёшихидэ өнгөрөгч 8-р сард японы ард иргэдийн дунд явуулсан дараагийн Ерөнхий сайдын талаарх судалгаагаар 14 хувийн санал авч 2-р байранд бичигдсэн юм. Хэдийгээр ард иргэдийн зүгээс харьцангуй бага санал авсан ч,  Либерал ардчилсан намын гишүүд түүнийг Абэ Шинзогийн халааг авч, одоогийн бодлогыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.