Дэлхий дахинд

Өнөөдрийн байдлаар "Ковид-19" -ийн халдвар авсан нийт хүний тоо 29.1 сая харин халдвар аваад эдгэсэн хүний тоо 21 саяд хүрсэн байна.  

Оксфордын их сургууль болон "Астразенека" компанийн хамтран бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакцины гуравдугаар шатны туршилтыг өнгөрөгч бямба гарагт дахин сэргээжээ. Вакцины туршилтыг өнгөрөгч лхагва гарагт оролцогчын биед сөрөг нөлөө илэрсэн гэх шалтгаанаар  түр хугацаагаар зогсоогоод байсан юм. "Астразенека" компанийн эрх баригчдын зүгээс туршилтад оролцогчийн биед илэрсэн сөрөг нөлөөг олон нийтэд мэдээлэх боломжгүй, ямар нэгэн сөрөг нөлөө илрэх нь хэвийн үзэгдэл гэж тайлбарлажээ.

Харин "Ковид-19"  халдварын эсрэг вакцин хамгийн эхэнд гарган авсан гэх Оросын холбооны улсын биотехнологийн "Вектор" шинжлэх ухааны төвийн гаргасан "Спутник-Ви" вакцины 4-р шатны туршилтыг эхлүүлжээ. Оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас Эмнэл зүйн туршилтын нэгдүгээр шатанд оролцсон бүх сайн дурынханд эсрэг биет үүссэн талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн тус улсын нийслэл Москва хотын сайн дурын 40 мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Хамгийн эхэнд "Ковид-19" цар тахлын эрсдэлт бүлэгт багтах эмч, багш нарт вакцин хийжээ. Үнэ төлбөргүй вакциныг ойрын гурван сард хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль нь ч хийлгэж болох байна.

Тэгвэл Бүгд Найрамдах Хятад ард улсын эмийн компаниуд "Ковид-19" халдварын эсрэг Эмнэл зүйн туршилтын шатад амжилттай байгаа 6 вакциныг гарган авснаа мэдэгдээд байна. Гуравдугаар шатны туршилтад байгаа вакцинуудыг арабын нэгдсэн Эмират улс, Перу, Морокко зэрэг улсууд аль хэдийн хүн дээр туршиж эхэлжээ. Түүнчлэн эх газрын хятадын эрх баригчдын зүгээс "Ковид-19" халдварын эсрэг вакцин бэлэн болсон тохиолдолд энэ жилийн эцэс гэхэд дэлхийн хүн амд нэн даруй тараахаар төлөвлөөд байна.