Хөх горьдсон үед хөхний эхо хийлгэж,идээлсэн эсэхийг шалгуулах хэрэгтэй

Хөх горьдох  буюу хөхний үрэвсэл нь хөхүүл ээжүүдэд ихэвчлэн тохиолддог байна. Харин хөх үрэвссэн үед эмэгтэйчүүд бариа, домын арга зэргийг хэрэглэх нь өвчний явцыг хүндрүүлэх,  цаашлаад мэс засалд орох хүртэл эрсдэл үүсгэдэг байна. Хөхний үрэвсэл буюу мастит нь бидний ярьж заншснаар хөх горьдох өвчин юм. Горьдолт нь хөхүүл болон хөхүүл биш эмэгтэйчүүдэд тохиолддог хэдий ч  90 гаруй хувь төрсний дараах  хөхүүл ээжүүдийн дунд элбэг тохиолддог байна.  Хөхүүл  эмэгтэйчүүдийн тухайд биеийн дархлаа сулрах, хөхний ариун цэврийг муу сахих мөн хөхний  товч хагарсан тохиолдолд  халдвар хөхний товчоор дамжаад хөхний сувагт ордог бол  харин хөхүүл биш эмэгтэйчүүдийн тухайд хоолойн архаг ангина, шүд цоорох өвчин болон дааврын өөрчлөлтөд орох зэрэг нь хөхний үрэвсэл үүсгэх гол шалтгаан болдог байна. Тэгвэл хөх хавдах, улайх, халуурах зэрэгт эмэгтэйчүүд ихэвчлэн цахим орчноос мэдээлэл авч бариа хийлгэх, улаан утас зүүх, загас зурах, баавгайн савраар самардах зэргээр домнох нь өвчнөө  улам хүндрүүлэх шалтгаан болдог байна. Иймээс хөх горьдсон буюу маститаат өвдсөн тохиолдолд  заавал мэргэжлийн эмчид хандахыг  мэргэжлийн эмч нар анхааруулж байна.