Иргэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар мэдээлэлгүй байна

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль 10-р сарын 15-нд болох юм. Гэвч зарим иргэд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэлгүй байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын боловсрол дутмаг байна гэсэн үг юм. Тэгвэл сонгогчдын боловсролын талаарх судалгааг авч үзвэл 10 сонгогч тутмын 7 нь сонгосон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөө мэддэггүй байна. Иргэд ерөнхийлөгчийн сонгууль, улсын их хурлын сонгуулиудад өндөр анхаарал хандуулдаг хэдий ч орон нутгийн сонгуульд саналаа өгдөг иргэдийн тоо хангалтгүй байдаг байна. Энэ талаар иргэдээс тодруулахад орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн танилцуулга болон мөрийн хөтөлбөрийн мэдээлэл хангалтгүй байдаг бөгөөд тэр бүү хэл тухайн аймаг, сум, дүүргийн сонгууль хэзээ, хаана зохион байгуулагдах нь ч тодорхойгүй байдаг талаар хэллээ. Мөн сонгогчдын боловсролын судалгаанд оролцсон сонгогчдын 55 хувь нь иргэдийн төлөөлөгчийн хурал гэж ямар чиг үүрэгтэй байгууллага болох талаар мэдээлэлгүй байгаа юм. Тэгвэл үндсэн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгчийн хурал нь тухайн нутаг дэвсгэртээ хууль тогтоох эрх мэдэлтэй бөгөөд эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлыг дээд шатны байгууллагын хэмжээнд хүргэх эрх бүхий байгууллага юм. Өнгөрсөн 6-р сард болсон 2020 оны улсын их хурлын сонгууль 2000 оноос хойшхи хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон. Сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд тухайн сонгуулийг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулдаг. Харин энэ жилийн орон нутгийн хурлын сонгуульд ирц хамаарахгүй юм байна. Гэсэн хэдий ч иргэд өөрт тулгарч байгаа хамгийн ойрын асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд орон нутгийн хурлын сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөх нь чухал юм.