АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-ны өдөр болно

Дөрвөн жил тутамд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, тус улсын ард иргэд болон сонгогчдийн коллегийн гишүүдийн саналаар тус улсын ерөнхийлөгч тодордог. Тэгвэл энэ жилийн 11-р сарын 3-ны өдөр болох товтой Америкийн нэгдсэн улсын  59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар өрсөлдөж байна. Америкийн нэгдсэн улс бусад улсаас ялгаатай нь дийлэнх сонгогчдын итгэлийг хүлээсэн хоёр намтай бөгөөд үүнд Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам багтдаг. Гэхдээ гуравдагч намууд болон бие даагч нараас хэдэн ч хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болдогч  гол хоёр намын нэр дэвшигчийн хооронд ихэвчлэн өрсөлдөөн болдог байна. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ойролцоогоор 100 сая гаруй иргэн оролцож саналаа өгдөг бол үүний зэрэгцээ 538 сонгогчийн коллегийн гишүүн саналаа өгч ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг шийддэг. Америкийн нэгдсэн улсын  муж бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллегийн гишүүнтэй байдаг. Олон хүн амтай муж олон сонгогчийн коллегийн гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж цөөхөн сонгогчийн коллегийн гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл Иллинойс Мужид Жо Байден олонхын санал авч ялбал тус мужийн сонгогчийн коллегийн гишүүд болох 20 гишүүний саналыг автоматаар Жо Байден авна гэсэн үг юм. Коллегийн гишүүд иргэдийн саналаас зөрж өөр намын нэр дэвшигчид санал өгөх эрхгүй байдаг байна. Тэгвэл тус улсын ерөнхийлөгчийн сонгууль 3 үе шаттайгаар явагддаг бөгөөд 1-р шатанд сонгуулийн жилийн 2 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэл муж болгон ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах анхдагч сонгууль эсвэл сонгуулийн сунгааг зохион байгуулдаг юм. Тухайн үеийн ерөнхийлөгч намын гишүүдийн дунд нэр хүндтэй нэгэн байсан,  аль эсвэл дахин нэр дэвшихээр болбол тэр нам анхдагч сонгуулийг зохион байгуулах шаардлагагүйгээр тухайн нэр дэвшигчийг анхдагч сонгуульд ялсан гэж үздэг байна. Үүний дараа 7, 8 дугаар сарын үед хоёр том намууд дотроо хуралдах бөгөөд энэ хурлаас албан ёсоор анхдагч сонгуульд ялсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр олон нийтэд зарлана. Түүнчлэн энэ үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүнээ мөн адил олон нийтэд зарладаг. Энэ удаагийн сонгуульд ерөнхийлөгч Доналд Трамп одоогийн дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хамт оролцохоо мэдэгдсэн бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр сенатын гишүүн Камала Харрисыг сонгоод байгаа юм.  Хэрвээ ирэх 11 сарын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулвал Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчөөр өнгөт арьст эмэгтэй анх удаа сонгогдох юм. Тэгвэл хамгийн сүүлийн шат буюу 11 дүгээр сарын эхний мягмар гарагт сонгууль болж иргэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгнө. сонгуулийн сунгаа эхлэх үед ирэх 4 жил дахин сонгогдох төлөвтэй байсан Доналд Трампын рейтинг 4 дүгээр сарын эхэнд ковид-19-ийн халдвар дэгдэж эхэлсэн үеэс унаж, өнөөдрийн байдлаар нэр дэвшигч Жо Байденээс Америкийн нэгдсэн улсын хэмжээнд 8 хувийн саналаар доогуур байгаа юм. Тус улсын иргэд одоогийн ерөнхийлөгч Доналд Трампыг ковид-19 цар тахалтай хийж байгаа тэмцэл, халдвараас улбаатай нас баралтын тоо нэмэгдсэн байдал болон цар тахалаас шалтгаалсан эдийн засгийн уналт, ажилгүйдлийн өсөлтийн зэрэгцээ цагдаа нарын харгислалын улмаас амиа алдсан өнгөт арьст залуу Жорж Флойдын үхэлд буруутгаад байгаа юм. Гэхдээ сүүлийн шатны сонгууль болтол 2 сар орчмын хугацаа байгаа байдал яаж ч өөрчлөгдөж болох юм. Ажиглагчдын зүгээс ирэх  10 сараас эхлэн Америкийн нэгдсэн улсын дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль улам өрсөлдөөнтэй болох  магадлалтай гэж үзээд байна.