Их Британийн хатан хааныг 2021 оноос Барбадосын тэргүүний суудлаас буулгана

Өнгөрөгч мягмар гарагт Барбадосын захирагч, генерал Сандра Мэйсон парламентынхаа намрын чуулганы нээлтийн үеэр их британийн хатан хаан хоёрдугаар Елизабетыг тус арлын улсын тэргүүний суудлаас буулгах талаар мэдэгджээ. Тэрбээр колоничлолын түүхээ бүр мөсөн ардаа орхиж, өөрийн гэсэн Барбадосын төрийн тэргүүнтэй болох хэрэгтэй гэж чуулганы нээлтийн үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн тусгаар тогтнолоо бүрэн олж авах дараагийн алхамт ажлыг эхлүүлж, Барбадосын тусгаар тогтнолын 55 жилийн ойн өдрөөс өмнө Бүгд Найрамдах Барбадос улс болно гэж тус арлын улсын захирагч мэдэгдэлдээ онцолжээ. Тус арлын улсын парламентын гишүүд Барбадосыг Бүгд найрамдах  улс болгохын зэрэгцээ мариуханы хэрэглээг хэсэгчлэн эрүүгийн хариуцлагагүй болгох, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мөн дурдсан байна. Их Британийн хатан хаан Барбадос арлын улсын төрийн тэргүүн боловч ч түүнийг Барбадосын амбан захирагч биечлэн төлөөлдөг байна. Карибын тэнгисийн 281 мянга гаруй оршин суугчтай Барбадос арлын улс 1966 онд тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд Их Британийн тэргүүлдэг үндэстнүүдийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон улс юм.