Ану-ын Калифорни мужид гарсан ой хээрийн түймэр 93 мянган га талбайг хамраад байна

Сүүлийн 18 жилийн хугацаан дахь хамгийн их хор хөнөөлтэй ой хээрийн түймэр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид гарсаар байна. Өнөөдрийн байдлаар уг ой хээрийн түймрийг цурманд оруулж амжаагүй байгаа бөгөөд нийт 14 мянга орчим гал сөнөөгч халуун цэг дээр нь ажиллаж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын баруун эрэг дагуу гарсан  ой хээрийн түймрийг унтраахад цаг агаарын хэт халалт болон хүчтэй салхи саад учруулж байна гэж Сан-Диего хотын гал түймэртэй тэмцэх албанаас мэдэгдсэн байна. Дархан цаазат газарт цаг агаарын хэт халалтын улмаас гарсан ой хээрийн түймэр ойролцоох амралт зугаалгын газрыг хамарсанаар одоогийн байдлаар 8 мянган км хүртэлх газарт түймрийн утаа үнэртэх болжээ. Хэдийгээр хэдэн мянган гал сөнөөгчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч, хүн хүч дутаж байгаа талаар Сан-Диего хотын гал түймэртэй тэмцэх албанаас мэдэгдээд байгаа юм. Үүнээс үүдэн калифорни мужийн шоронд хоригдож байгаа хоригдлуудыг ой хээрийн түймрийг унтраах ажилд дайчлах шаардлагатай болжээ. Одоогоор мужийн хэмжээ дэх түймрийг унтраахаар 300 орчим хоригдол ажиллаж байгаа бөгөөд тус мужийн амбан захирагч шоронгоос суллагдсан ч, ирээдүйд мужийн гал унтраах ангид ажил санал болгох болон санамсаргүй байдлаар амиа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгох захирамж бичигт гарын үсэг зурсан байна.Энэ жилийн хамгийн их хор хохирол дагуулсан ой хээрийн түймэрт мужийн хэмжээнд нийт 93 мянган орчим га талбай өртсөний дээр 25 хүн амиа алдаж, хэдэн зуун байшин шатаад байгаа юм. Калифорни мужийн хэмжээнд өнгөрөгч наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш мянга таван зуу орчим ой хээрийн түймэр бүртгэгдсэний дийлэнх нь аянга цахилгаан цахиснаас үүдэлтэй бөгөөд нийт 1 сая га талбай өртсөн гэсэн тооцоолол гарчээ.