Явган зорчигчийн гэрлэн дохио хүлээх тэвчээрийн хязгаар 3-4 минут байдаг байна

Улаанбаатар хотын тодорхой хэдэн уулзваруудад явган зорчигч зам хөндлөн гарахын тулд ногоон гэрлийг удаан хугацаанд хүлээдэг бөгөөд зарим хэсэгт гэрлэн дохио асахыг 5-15 минут  хүлээж зогсдог талаараа иргэд хэлж байсан юм. Тэгвэл эдгээр явган хүний гарцуудаас хамгийн их иргэдийг бухимдуулдаг нь төв номын сангийн урд байрлах скайтелын явган зорчигчийн гэрлэн дохио юм. Нийслэл хотын зарим хэсэгт явган зорчигчийн гэрлэн дохио удаан давтамжтай асдаг нь тухайн хэсэгт явган зорчигчийн хөдөлгөөн хэт их байдгаас шалтгаалдаг болохыг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн. Ийнхүү явган зорчигчын хөдөлгөөн их байдаг гарцуудын нэг бол энхтайвны өргөн чөлөөнөөс урагш энх тайвны гүүр рүү чиглэсэн замд буюу скайтелын явган зорчигчын гэрлэн дохио юм. Скайтелын явган зорчигчын гарцны гэрлэн дохио байнга нэг давтамжтай асдаггүй буюу замын хөдөлгөөний удирдлагын төвөөс удирддаг байна. Мөн энэ замд хоёр урсгал руу чиглэсэн автобусны буудал ойрхон байгаа нь замын ачаалал нэмэгдэж, улмаар явган зорчигчид гэрлэн дохио удаан хүлээх нэг шалтгаан болдог байна. Тодруулбал баянгол зочид буудал болон төв номын сангийн автобусны буудалд 12 чиглэлийн 90-100 автобус өдөр тутамд түр зогсолт хийдэг. Харин дээрх автобусны буудлуудад өдөрт 5100 орчим хүн автобуснаас бууж, суудаг байна. Тооллогын судалгаагаар энэ гарцаар цагт 700-900 зорчигч зам хөндлөн гардаг байна. Мөн явган зорчигчийн гэрлэн дохио хүлээх тэвчээрийн хязгаар дээд тал нь 3-4 минут байдаг байна. Тиймээс гэрлэн дохио хэт удаан давтамжтай асдагаас шалтгаалан иргэд дүрэм зөрчиж, улаан гэрлээр гарч цаашлаад осол гэмтэлд өртөх эрсдэлтэй байгаа юм.