Эцэг эхчүүд хүүхдээ хамруулах өдөр өнжүүлэх төвөө сайтар судалж, мөн хяналт тавих эрхтэй

Өмнөх жилүүдэд манай улсад өдөр өнжүүлэх төвүүдэд тавигдах стандарт шаардлага байгаагүй юм байна. Тэгвэл боловсрол шинжлэх ухааны яамнаас өнгөрөгч 3-р сард нийтлэг шаардлагыг баталсан байна. Иймээс энэ хичээлийн жилээс үйл ажиллагаа явуулах өдөр өнжүүлэх  төвүүд тус шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Өмнө нь өдөр өнжүүлэх төвүүдэд  тухайлсан стандарт, шаардлага байдаггүй байснаас үүдэн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1500 гаруй өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа явуулж байжээ. Эдгээрээс  гэр бүл хүүхэд залуучуудын газарт ердөө 282 өдөр өнжүүлэх төв албан ёсны бүртгэлтэй байсан байна. Өдөр өнжүүлэх  төвын нэг бүлэгт 15 болон түүнээс доош тооны  хүүхэд байх ёстой бөгөөд тухайн төв 75 мкв-аас дээш талбайд үйл ажиллагаа явуулах ёстой юм байна. Мөн хичээл хийх танхим, амрах өрөө, хоолны өрөө болон ариун цэврийн өрөөг хүүхэд, том хүнд зориулсан хэлбэрээр тусад шийдэж өгсөн байх шаардлагатай. Иймээс монголын өдөр өнжүүлэх холбооноос өдөр өнжүүлэх төвд байх ёстой стандартыг танилцуулсан юм. Өдөр өнжүүлэх  төвүүд хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээг явуулдаг. Иймээс хүүхдийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийг ч мөн явуулах шаардлагатай юм байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ хамруулах өдөр өнжүүлэх төвөө сайтар судалж, хяналтыг тавьж байх нь зүйтэй юм.