Манай улсад хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээгүй, стандартын шаардлага хангахгүй байгаагийн улмаас хүүхдүүд гэмтэж бэртэх, тэр бүү хэл амь насаараа хохирох явдал гарсаар байна. Ялангуяа дулааны улиралд хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртэж гэмтэх тохиолдол ихэсдэг тухай гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм. Тэгвэл нийтийн эзэмшлийн талбай болон орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайн стандарт, хүрэлцээний асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Хүүхдийн тоглоомын талбай байхгүйгээс болж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд 4 хүүхэд живж, амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн 5-р сард болсон. Харин энэ явдал болсноос хэдхэн хоногийн дараа буюу 5-р сарын 31-нд тоглоомын талбайд тоглож байсан 12 настай охины дээрээс савлуур унасны улмаас хүнд бэртэж, сэхээнд орсон юм. Үүний дараагаар өнгөрсөн 8-р сард тоглоомын талбайд тоглож байсан хүүхэд ойролцоох хашаанаас барин тогонд цохиулж нас барсан. Энэ мэтчилэн хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ тоглож, гүйх насан дээрээ ердөө тоглоомын талбай хүрэлцээгүй бөгөөд стандартын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаад эцэг, эхчүүд бухимдаж байгаагаа хэллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 2020 оны эхний 8 сарын хугацаанд 29 мянга 971 хүүхэд гэмтэн ирж, анхны тусламж авсан байна. Үүнээс 478 хүүхэд нь хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад унаж, бэртжээ. Хүүхдийн тоглоомын талбай хүртээмжгүй байгаа учир хүүхдүүд нэг тоглоомын талбайд бөөгнөрч, шахалдан нэгнээ гэмтээх тохиолдол их гардаг байна. Мөн тоглоомын талбайн гулсуурт хамгаалалт байдаггүй бөгөөд тоглоом зөөлөвчгүй, хурц үзүүртэйгээс болж хүүхдүүд бэртэх тохиолдол их байдаг талаар холбогдох мэргэжилтнүүд хэлж байсан юм. 2019 онд стандартчилал хэмжил зүйн газраас тоглоомын талбайн mns-6539 стандарт болон норм, нормативын баримтыг баталсан ч уг стандартын шаардлагыг хангасан тоглоомын талбай цөөн байгаа юм. Нийтийн эзэмшлийн талбай болон орон сууцны хорооллын дунд байрлах эдгээр хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл болон баригдсаны дараах хяналтад хот байгуулалт хөгжлийн газар оролцон ажилладаг байсан байна. Харин уг газар өөрсдийн шаардлага хүргүүлсэн зураг төсөлд эргээд хяналт тавьж болохгүй учир хяналт тавих шатны ажлыг хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт шилжүүлсэн байна. Иймд хүүхдийн тоглоомын талбайн хүрэлцээг нэмэгдүүлэхээс гадна тоглоомын талбайн барилгын ажлыг гүйцэтгэх хувь хүн, байгууллагуудын ажлын явцад эхнээс нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.мөн иргэд тоглоомын талбайн аюул, эрсдэлийг 108 дугаарт хандан мэдэгдэх боломжтой юм байна.