Тайланд улсын нийслэл Бангкок хотод эсэргүүцлийн жагсаал боллоо

Өнгөрөгч бямба гарагт Тайланд улсын нийслэл Бангкок хотод олон мянган хүн жагсаж, хаант засаглалтай улс төрийн тогтолцоонд шинэчлэлт хийхийг уриалжээ. Тус эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 15 мянган хүн оролцсон гэж тайланд улсын цагдаагийн алба мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ үеэр хэд хэдэн хүнийг жагсаал зохион байгуулсан хэргээр баривчилжээ. Оюутнуудын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал "Таммасат" их сургуулиас хааны ёслолын үйл ажиллагаануудыг явуулдаг байсан ордны хажуугийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилсэн байна. Тайланд улсад ийм олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал сүүлийн 15 жилийн хугацаанд өрнөөгүй бөгөөд жагсагчдын зарим нь "Феодализмыг зогсоо, ард түмэн урт наслаг" хэмээн хашхирч байжээ. Түүнчлэн жагсагчдын зүгээс эзэн хаанд улс төрийн тогтолцоонд шинэчлэлт хийхийг хүссэн хэдэн зуун мянган захидал илгээсэн байна. Энэхүү захиаг тайланд улсын эзэн хаанд хүргэхийн зэрэгцээ ямар арга хэмжээ авахаа удахгүй шийднэ гэж тус улсын эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Эсэргүүцлийн жагсаал одоогоор тайван замаар үргэлжилж байгаа бөгөөд ирэх 24-ний өдөр нийслэл хотод дахин жагсах төлөвтэй байна.