Нийтийн тээврийн хүрэлцээ өглөө, оройд нийтийн тээврийн үйлчилгээ хомсдолтой байна

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн ажил, хичээл эхлэх болон тарах цагаар автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Тэгвэл энэ үед нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тэгвэл ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Учир нь иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Нийтийн тээврийн тухайд хичээл сургууль эхэлж хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 29 чиглэлд 38 гаралтыг нэмэгдүүлж 98 чиглэлд 950 орчим автобус үйлчилгээнд явж байгаа гэлээ. Манай улсад нэг автобусыг 12 жил үйлчилгээнд явуулдаг бөгөөд жил бүр 120-150 автобус насжилт нь дуусаж үйлчилгээнээс гардаг  хэдий ч нийтийн тээврийн парк шинэчлэлт 2014 оноос хойш хийгдээгүй байна. Иймээс нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлтийг нэн даруй  хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ийнхүү нийтийн тээврийн автобус хаанаа ч хүрэлцэхгүй байгаа нь иргэдийг хувийн автомашинаа сонгохоос өөр аргагүйд хүргэж автозамын түгжрэлийг үүсгэх шалтгаан болж байгаа юм.