Үндэсний ипотекийн корпорац байгуулахаар судалж эхэлжээ

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар өөрчлөлт оруулснаар ипотекийн зээлийг цаашид 6 хувийн хүүтэйгээр олгох асуудал албажаад байна. Гэтэл зээлийн шинэ журамд зээлдэгчдэд тавигдах шаардлага, насны ангилал, хамтран зээлдэгчидтэй холбоотой өөрчлөлт гарсан гэх мэдээлэл олон нийтийн дунд байгаа юм. Тэгвэл үнэн хэрэгтээ энэхүү журамд хоёр л өөрчлөлт оруулсан буюу амины орон сууц зээлээр авах иргэдийн хамрах хүрээг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулсан байна. Харин бусад заалт, тавигдах шаардлага хэвээр үргэлжлэх юм байна. Иргэдийг орон сууцжуулах, зах зээл дээр байгаа борлуулагдаагүй орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн. Тэгвэл 2020 оны 9-р сарын статистик мэдээллээр,  99,559 зээлдэгч 4 их наяд 835 тэрбум төгрөгийн төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Гэтэл одоогийн нөхцөл байдалд 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой иргэдийн тоо ханасан бөгөөд цаашлаад урьдчилгаа төлөх чадамж, тухайн өрхийн орлогын асуудлаас үүдэж жил ирэх тутам ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс бага, дунд орлоготой өрхийг орон сууцжуулах зорилгоор  сангийн яам, монголбанк, бхбя-ны ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Улмаар 2020 оны 10-р сарын 1-нд монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар  орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд хоёр төрлийн өөрчлөлт оруулаад байгаа юм. Ингэхдээ орон нутаг болон нийслэлд амины орон сууц худалдан авахад ипотекийн зээл олгох, зээлийн хүү 2020 оны 10-р сарын 1-ээс өмнө олгосон бол жилийн 8 хувь, харин 10-р сарын 1-ээс хойш бол жилийн 6 хувийн хүүтэй зээл олгоно гэж заасан. Өөрөөр бол журамд өөрчлөлт ороогүй. Өмнөх заалтууд хэвээрээ байгаа юм. Орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд 10-р сарын 16-аас олгож эхэлсэн. Харин 10-р сарын 19-ний байдлаар 38 зээлдэгчийн 2.5 тэрбум төгрөгийн зээл шийдэгдсэн байна. Орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд монголбанк өнгөрсөн хугацаанд 2.8 их наяд төгрөг санхүүжүүлсэн. Харин энэ жилийн ипотекийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа. Гэтэл  оувс-аас монголбанкийг ипотекийн зээлээс гарах зөвлөмж гаргасан бөгөөд монголбанк энэ он дуустал хөтөлбөрт хамрагдаж, ирэх жилээс ипотекийн зээл сангийн яам руу шилжих учиртай. Түүнчлэн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлж, энэ хөтөлбөр урт удаан настай байх учиртай. Тиймээс төв банкнаас мэдээлснээр үндэсний ипотекийн корпорац байгуулахаар судалж эхэлжээ. Орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хэр удаан үргэлжлүүлэх вэ, зорилтот иргэд бүрэн хамрагдаж чадах уу. Энэ асуултын хариултыг ирэх жилүүдэд хүлээх л үлдлээ.