Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хүчин төгөлдөр хэрэгжинэ

2017 оноос агаарын бохирдлыг  бууруулах  зорилгоор нийслэлийн гэр хороололд амьдардаг  айл өрхийн  цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-аас 100 хувиар хөнгөлж эхэлсэн байдаг. Тэгвэл 2020-2021 онд  өмнөх жилүүдийн адил  гэр хорооллын айл  өрхийн  шөнийн тарифын хөнгөлөлт  хүйтний улиралд  хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.  Хөнгөлөлт  энэ оны 11 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдох юм байна.өнгөрсөн гурван жилийн хугацаанд гэр хорооллын орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд  нийтдээ 29 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Харин энэ жил буюу зөвхөн 2020 онд 21-ээс 22 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр урьдчилсан тооцоолол гаргасан болохыг  холбогдох албаныхан хэлж байна.  Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй айл өрхүүд баталгаажсан өдөр, шөнийн  тоолууртай байх, цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх шаардлагыг тавьж байгаа  юм байна. Дээрх  шаардлагыг хангасан айл өрх бүр цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтойг албаныхан мэдээлжээ.