Энэ оны 4-р сард засгийн газар төрийн хөрөнгө оруулалтаар "Таван толгой дулааны цахилгаан станц"-ын төсөл хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргасан. Төслийн санхүүжилт бүрдүүлэх ажлыг сангийн яам хариуцан ажиллаж байгаа бол 2021 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх хуваарьтай юм байна. Төслийн ажлыг хуваарийн дагуу, хугацаанд нь гүйцэтгэвэл 2024 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулах боломжтой. Ингэснээр өмнийн говийн уул уурхайн хэрэглээг хангахаас гадна төвийн бүсэд тодорхой хэмжээний эрчим хүч нийлүүлэх юм байна.

Төрөөс эрчим хүчний салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогод сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц болон шинэ цахилгаан станц барьж байгуулах асуудлыг тусгасан. Учир нь эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор 2030 оны түвшинд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлыг 3800 мвт хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ, ДЦС 4-ийг 89 мвт-аар, ДЦС-3-ийг 350 мвт-аар өргөтгөж, суурилагдсан хүчин чадлыг 463 мвт, дцс-2-ийг 100 мвт-ын хийн цахилгаан станцаар, дорнодын ДЦС-ийг 50 мвт-аар өргөтгөх амгалан дулааны станцыг 50 мвт-ын цахилгаан станц болгоно. Харин шинээр Тавантолгойн 450 мвт, Багануурын 400 мвт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар тус тус төлөвлөсөн.

Тэгвэл Тавантолгой цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалтын зардал 560-600 сая ам.доллар байх төлөвтэй байгаа. Одоогоор төсөлтэй холбогдуулан "тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК байгуулаад байгаа юм.

Манай улс жил бүр 170-200 сая орчим ам.долларыг импортын эрчим хүчинд төлдөг байна.  Харин 2024 оноос "Тавантолгой дулааны цахилгаан станц"-ыг ашиглалтад оруулснаар өмнийн говийн уул уурхайн хэрэглээг хангахаас гадна төвийн бүсэд тодорхой хэмжээний эрчим хүч нийлүүлэх боломжтой бөгөөд гадагш чиглэж байгаа валютын урсгалыг дотооддоо үлдээж чадах юм.  Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ авах ёстой гэж заасан асуудал биеллээ олох юм. Тэгвэл Рио Тинтогийн монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралд 2020 оны 10-р сарын 28-нд өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа,

"Монголын засгийн газар төрийн өмчийн цахилгаан станц байгуулна гэдгээ зарласан. Тэр станцаас цахилгаан импортолж буй өмнөд монголын цахилгаан эрчим хүчний гэрээг сунгах баталгаа хэрэгтэй байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард бид засгийн газартай эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний нэмэлтэд гарын үсэг зурсан. Засгийн газрын байр суурь, шийдвэрийг хүндэтгэж энэ хувилбарыг тэргүүн ээлжид авч үзнэ. Энэ төслийн хувьд хоёр талын хүлээсэн үүрэг бий. Засгийн газар төслөө урагшлуулаад явж байгаа гэж харж байна" гэжээ.

Оюутолгой компани 2019 онд БНХАУ-аас импортоор 326.6 тэрбум төгрөг 1,319.5 сая квт.ц цахилгаан худалдан авсан. Худалдаж авсан цахилгааны дундаж үнэ НӨАТ-тай дүнгээр квт.ц нь 272.3 төгрөг байна. Харин төвийн бүсийн нэгдсэн сүлжээ ОХУ-аас импортоор дунджаар квт.ц-ыг 9-9.5 ам.центээр цахилгаан эрчим хүч худалдаж авч байна. Улмаар Багануурын цахилгаан станц болон Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад ороход ОХУ-ын импортын цахилгаан эрчим хүчнээс 2.6-3.1 ам.центээр доогуур үнэтэй байх юм байна.