Хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэхээр өрхийн эрүүл мэндийн төвд дугаарласан иргэд их байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөнгөлөлттэй эмтэй холбоотой зохицуулалтууд энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлснээр сар бүрийн эхэнд иргэд эмийн сангийн гадаа олон цагаар оочерлодог, мөн тухайн эмийн сангийн эмийн хүрэлцээнээс шалтгаалан хөнгөлөлттэй үнээр эмээ авч чаддаггүй зэрэг хүндрэл бэрхшээлийг арилгах учиртай юм. Гэвч өчигдрийн байдлаар өрхийн эрүүл мэндийн төвд хөнгөлөлттэй эм бичүүлэхээр дугаарласан иргэд их байна.

УИХ-ын 2020 оны 8-р сарын 28-ны ээлжит бус хуралдаанаар "Эрүүл мэндийн даатгалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгал төлөгч, хөнгөлөлттэй эм авдаг иргэдэд тулгардаг хүндрэлийг бууруулах зорилгоор шинэ зохицуулалт хийсэн. Ингэснээр хөнгөлөлттэй эмийн цахим жорыг зөвхөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч бичдэг байсан бол цаашид бүх шатны эмнэлгийн эмч жор бичих юм. Мөн даатгуулагч иргэн зөвхөн хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг эмийн сангаас хөнгөлөлттэй эм авдаг байсан бол үүнийг өөрчилж дурын эмийн сангаас авах боломжийг бүрдүүлсэн. Гэвч  сарын эхний өдөр хуучны адилаар  өрхийн эрүүл мэндийн төвийн оочер дараалал их байна.

Иргэдийн тухайд өнгөрсөн сарын хэрэглээний эм нь дууссан учраас өнөөдөр оочерлож байгаа. Мөн эм нь дуусчих байх гэж бодсон учраас ирсэн гэх зэрэг тайлбарыг өгч байсан юм.

Харин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм бичих эмчийн мэдээллийг цуглуулж цахимд бүртгэсэн байна. Ингэснээр бүх шатлалын улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч жор бичих эрхтэй байна.