Э.Оюунболдын “Аварга” цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд улсын цол чимэг олгохоор шийдвэрлэлээ

Өчигдөр улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох  шүүх хуралдаан боллоо.

Хэргийг эргэн сануулбал улсын аварга Э.Оюунболдын допингийн шинжилгээнд допингд хамаарагдах төрлийн бодис илэрч  захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулахаар шийдвэрлээд байсан.

Мөн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Э.Оюунболдод   олгосон монгол улсын аварга цолыг хураах саналыг монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тэгвэл өчигдөр улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж Э.Оюунболдын барилдах эрхийг хассан шийдвэрийг хүчингүй болголоо. Харин түүний аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд улсын цол чимэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Ийнхүү улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэлээ. Э.Оюунболдын улсын аварга цолыг хурааснаар өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгож монгол улсын аварга Н.Батсуурь даян аварга болох юм.

Харин наймын даваанд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржтой барилдсан. Гэхдээ Ц.Содномдорж нь улсын арслан цолтой бөх учраас ямар нэгэн цол, чимэг нэмэхгүй юм. Мөн тавын даваанд өвдөг шороодсон Н.Мустафа энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн учраас тэрээр чимэг нэмэх юм.  Улсын начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Б.Цэдэнсодном улсын харцага цолыг, улсын харцага Д.Анарт улсын заан цолыг нөхөн олгох учиртай юм.