Нийтийн тээврийн жолооч нар буруутай үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор хяналтын камерын урдуур хаалт хийдэг гэв

Манай улсад 2017 оноос эхлэн нийтийн тээврийн жолоочийн үйл ажиллагааг хянах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх зорилгоор том оврын автобус, троллейбусанд хяналтын камер байршуулсан байдаг. Тэгвэл энэ оны 9 дүгээр сарын 17-оос 20 өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгжийн 1202 автобус, троллейбусны хяналтын камерт холбогдох байгууллагаас үзлэг шалгалт хийхэд нийт 666 зөрчил илэрсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг хянах, болзошгүй аюул ослоос сэргийлэхийн тулд нэг автобусанд дөрвөөс таван хяналтын камер байршуулсан байдаг байна.  Тэгвэл эдгээр хяналтын камерт жил бүр хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулж ажилдаг юм байна. Харин энэ жилийн үзлэг шалгалтаар нийт 666 зөрчил илрүүлсэнийг тодруулбал зорчих хэсэг болон жолоочийн хэсгийг харсан камер ажиллагаагүй, камерын карт алга болгосон зэрэг зөрчил илэрчээ. Үүний шалтгаан нь жолооч нар өөрсдийн буруутай үйлдлээ нуун дарагдуулахын тулд  камерын хөдөлгөөний чигийг өөрчлөх, камерын урдуур хаалт хийдэг зэрэг санаатай үйлдлүүд бүртгэгдсэн байна. Дээрх зөрчлүүд илэрсэн тохиолдолд нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг эхний удаад сануулга өгч зөрчлийг арилгуулдаг бол дахин зөрчил гаргасан тохилдолд нэг сая төгрөгөөр торгодог юм байна. Харин аж ахуйн нэгж байгууллагууд зөрчил гаргасан жолооч нартаа дараах арга хэмжээг авдаг гэлээ. Мөн энэ оны 9 дүгээр сарын байдлаар нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдсэн 1175 халаасны хулгайн хэргийн гомдол бүртгэгджээ. Хэрэв нийтийн тээврийн хяналтын камер хэвийн ажиллагаатай байвал  энэ төрлийн гэмт хэргээс 80 хүртэлх хувиар  урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх боломжтой байдаг байна.