Жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэлгүй үлддэгийг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллага энэ оны тайлангаа танилцуулсан байна. Тус тайланд дурдсанаар 2020 он гарснаас хойш дэлхий даяар хэвлэл мэдээллийн 32 ажилтан гаднын нөлөөтэй амиа алдсан бол "Ковид-19" халдварын улмаас 442 сэтгүүлч нас баржээ. "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагын 2020 оны тайланд дурдсанаар өнгөрөгч онтой харьцуулахад амиа алдсан сэтгүүлчдийн тоо 56 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнгөрөгч онд дэлхий даяар нийт 57 сэтгүүлч гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дөнгөж 3-ны нэгт нь хариуцлага хүлээлгэсэн байна. Харин энэ жилийн тайланд амиа алдсан сэтгүүлчдийн тоо өмнөх оноос буурсан ч сэтгүүлчдэд үзүүлэх дарамт шахалт, тэдний эсрэг заналхийлэл олон нийтээс далд болж байгаа талаар онцолжээ. Уг тайланд, сэтгүүлчид ажиллахад хамгийн таатай бус орноор Латин Америкийн Мексик улс 2 дахь удаагаа тэргүүлсэн бол хоёрт ирак бичигджээ. Мексик улсад 2020 он эхэлснээс хойш хар тамхи, авилга хээл хахуулийн талаар мэдээ бэлтгэж байсан 5 сэтгүүлч амиа алдсан юм байна. Тэгвэл он гарснаас хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан 247 сэтгүүлч шоронд орсон талаар "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагын тайланд дурдсан байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон буюу 72 сэтгүүлч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шоронд хоригдож байгаа бөгөөд дийлэнх нь Шинжаан Уйгарын асуудлаар мэдээлэл бэлтгэж байхдаа баригджээ. Харин дэлхий дахинд "Ковид-19"-ийн халдвар дэгдэж эхэлсэн цагаас хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан хэвлэл мэдээллийн нийт 442 ажилтан цар тахлын улмаас амиа алдсан талаар уг тайланд дурдсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ цар тахлаар өвчлөн нас барсан сэтгүүлчдийн дийлэнх тохиолдлууд нь Латин Америкийн Улс орнуудад бүртгэгджээ. Хамгийн олон буюу 93 сэтгүүлч "Ковид-19" халдварын улмаас Перуд нас барсан бол Энэтхэгт 47, Эквадорт 41 хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан байна. "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагын 2020 оны тайлангийн төгсгөлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио гутеррешд "сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хариуцсан тусгай комиссар" -ын албан тушаалыг тус байгууллагад бий болгохыг дахин хүсжээ.