Үл хөдлөх хөрөнгө болон үнэт металлын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтыг СЗХ хариуцна

Өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны гуравдугаар улирлын тойм мэдээг танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт хяналтын чиг үүргийн хүрээнд энэ оны 3-р улиралд 3213 зохицуулалттай этгээд 2448 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.

-Хяналтын дүнгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж байна.

-Даатгалын зах зээлийн тухайд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.63 хувиар өсжээ.

-Харин банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өссөн.

- Хадгаламж,зээлийн хоршоодын нийт  хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Манай улс өнгөрсөн 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад багтаж өнгөрсөн 10-р сарын 23-нд албан ёсоор гарсан. Тус байгууллагаас Монгол улсад санхүүгийн бус бизнес эрхлэгчид тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулалтдаа авах, хяналт тавих үүрэг даалгавар өгч байсан юм. Үүний дагуу санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл хөдлөх эд хөрөнгө болон үнэт металл, тэдгээрийг хийсэн арилжаа эрхлэгчдийн зохицуулалтыг санхүүгийн зохицуулах хороо хариуцахаар болжээ.

Өчигдрийн байдлаар санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 304 хувьцаат компани, 241 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 533 банк бус санхүүгийн байгууллага, 248 хадгаламж зээлийн хоршоо, 140 үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 389 хувь хүн, хуулийн этгээд тэдгээрийн 1039 салбар нэгжийн үйл ажиллагааны зохицуулалтад хяналт тавин ажиллаж байна.