Сүүлийн 5 жилийн судалгаагаар шүүгчтэй холбоотой сахилгын хэргийн 70 гаруй хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Нотлох баримт хангалтгүй, ёс зүйн хорооны гишүүдийн ур чадвар хангалтгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шүүгчийн сахилгын хэргийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл энэ нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулж, улмаар шүүгч шүүгчээ хамгаалдаг гэсэн ойлголтыг олон нийтийн дунд төрүүлж байгаа юм. Тиймээс шүүхийн сахилгын хорооны шийдвэр эцсийнх байж, үндсэн хуульд оруулсан үзэл баримтлалд нийцүүлж хуулийг шинэчлэх ёстой гэж хуульч, судлаачид үзэж байна.
Шүүгчийг сахилга, хариуцлагатай ажиллаж байгаа эсэхэд шүүхийн ёс зүйн хороо хяналт тавьж ажилладаг. Тэгвэл сүүлийн 5 жилийн статистик мэдээллээр жилд дунджаар 340 шүүгчид холбогдох 230 гомдлыг шалгаж, ёс зүйн хороо 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж, шүүхийн шийдвэрээр 9 шүүгчид сануулах, 7 шүүгчид цалин бууруулах, 2 шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Шүүхэд итгэх иргэдийн итгэл 70 гаруй хувьтай гэсэн судалгаа байдаг. Гэтэл үүний хирээр шүүгчтэй холбоотой сахилгын хэргийн асуудал 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байгаа нь иргэдийн итгэлийг эвдэж байгаа гэж судлаачдын зүгээс үздэг. Учир нь шүүгчтэй холбоотой иргэдийн гомдолд шүүхийн ёс зүйн хороо ажиллагаа явуулдаг ч энэ хорооны шийдвэр эцсийнх биш бөгөөд шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох шалтгаан болж байна гэдгийг хуульч, судлаачдын төлөөлөл онцолж байна.
Ерөнхийлөгч, засгийн газраас шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Тэгвэл хуульч, судлаач нарын тайлбарлаж байгаагаар шүүхийн тухай хуульд ОУБ-ын түгээмэл зөвлөмж, зарчмыг баримтлах шаардлагатай талаар онцлоод байгаа юм.