Өнгөрөгч даваа гарагийн шөнө орон нутгийн цагаар оройны 7 цагийн үед Австрийн Вена хотын төвийн 6 хэсэгт нэгэн зэрэг буудалцаан болсны улмаас 22 хүн шархдаж, 4 хүн амь үрэгджээ. Тус үйлдлийг Австрийн Канцлер Себастьян Курц террорист халдлага гэж үзэн гэмт этгээдүүдийг нэн даруй олж илрүүлж, арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Харин мөрдөн шалгах хүрээнд Венийн цагдаа нар 16 хүнийг саатуулаад байгаа ч Исламын улс бүлэг энэхүү хэргийн ард байгаа гэдгээ 11-р сарын 3-ны өдөр цахим хуудсаараа мэдэгджээ.
Халдлагын дараа цагдаа нар түргэн шуурхай ажиллаж гал нээсэн этгээдүүдийн нэгийг буудсан байна. Тус сэжигтэн 20 настай, умард Македони гаралтай иргэн байсныг тус улсын цагдаагийн алба мэдэгджээ. Тэрээр исламын улс бүлэгт элсэхээр 2018 онд Сири улс руу явах гэж байгаад Австрийн цагдаагийн алба хаагчдын гарт баригдаж, хоригдож байсан боловч 2019 оны арван хоёрдугаар сард сайн хүмүүжигч болсон тул хугацаанаасаа өмнө суллагдаж байжээ.
Мөрдлөгийн явцад Австрийн цагдаагийн газраас террорист халдлагад оролцсон гэх умард Македониос гаралтай хоёр этгээдийг тогтоон, эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдээд байна. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус улсын Канцлер Себастьян Курц 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлажээ.
Мөн австрийн дотоод хэргийн сайд Карл Нехаммер террорист халдлагыг таслан зогсоосон гэж үзэхгүй байгаа тул ард иргэдийг олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, тусгай албаны явуулж байгаа ажиллагааг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэгийг цахим хуудсандаа байршуулахгүй байхыг хүссэн байна.
Түүнчлэн цахимаар ажиллах боломжтой хүмүүст гэрээсээ ажиллахыг зөвлөж, аль болох гадуур гарахгүй байхыг нийт ард иргэддээ уриалжээ.
Одоогоор террорист халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилсаар байгаа ч Исламын “Улс” бүлгийн гишүүд энэхүү халдлагын ард байгаа гэж өөрсдийн цахим хуудсаар зарлаад байгаа юм. Гэхдээ Вена хотын төвд террорист халдлага үйлдсэн гэдгийг батлах ямар нэг баримт нотолгоо дэлгээгүй байна.