Я.Содбаатар: Турк улс дахь Монгол иргэдээ транзит нислэгээр дамжуулан ирүүлэхээр судалж байна

Энэ сард манай улс хилийн чанадын 4 чиглэлд тусгай үүргийн 10 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр нийт 1980 иргэн эх орондоо ирэх боломжтой байгаа юм. Хэрэв иргэд эх орондоо ирэхэд буцах зардалгүй, хүнд нөхцөлд байгаа нь тогтоогдвол тодорхой тооны иргэдийн нислэгийн тасалбар болон тусгаарлах байрны зардлыг тусгай сангаас санхүүжүүлэх боломжтой юм байна. Манай улсын 10 мянга гаруй иргэн хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Эдгээр иргэдийн 1980 орчим нь энэ сард эх орондоо ирэх боломжтой байна. Тухайлбал, нийт тусгай үүргийн 10 нислэг үйлдэхээс 6 нь Сөүл-Улаанбаатарын чиглэлд, 2 нь Токио-Улаанбаатарын чиглэлд,  харин Алматы, Франкфурт - Улаанбаатар чиглэлд тус бүр нэг нислэг үйлдэхээр байна. Казакстан улсад байгаа 90 иргэн 11-р сарын 6-нд ирэх боломжтой байна. Харин 11-р сарын 11-нд Токио-Улаанбаатар, 12, 13, 18-нд Сөүл-Улаанбаатар, 11-р сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар,  20-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Токио-Улаанбаатар, 27-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тус бүр нислэг үйлдэгдэхээр байна. Манай улсын тодорхой хэмжээний иргэд Турк улсад байгаа бөгөөд нутаг буцах хүсэлтээ өгсөн. Гэтэл нислэг үйлдэх авиа компанитай холбоотойгоор энэ нислэгийг транзит хэлбэрээр явуулахаар судалж байгаа юм байна. Хилийн чанадад хүнд байдалд орсон иргэдийг нутаг буцаалгах зорилгоор Улсын онцгой комисст иргэдээс цугларсан хандиваас 300 орчим сая төгрөгийг тусгай санд төвлөрүүлсэн. Мөн олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас шаардлагатай иргэдэд нислэгийн тасалбар болон тусгаарлах байрны зардлыг санхүүжүүлэхээр болоод байгаа юм. Улсын онцгой комиссоос 10-р сард хуралдаж, Монгол улсад тогтоосон хилийн хоригийг 12-р сарын 31 хүртэл сунгасан. Тиймээс энэ хугацаанд хилийн чанад руу тусгай үүргийн нислэг үйлдэгдсээр байна. Харин одоогоор 12-р сарын нислэгийн хуваарь эцэслэн гараагүй байна.