Өнгөрөгч 10-р сарын 23-ны өдөр польшийн дээд шүүх төрөлхийн ургийн гажиг аль эсвэл амь насанд халтай эдгэрэшгүй өвчин урагт илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг хориглох шийдвэр гаргасан нь хотуудад өрнөх эсэргүүцлийн жагсаалын эхлэл болсон юм. Тус улсын шүүгчид энэхүү заалтыг Польшийн үндсэн хуульд нийцэхгүй гэж үзээд байгаа ч уг шийдвэрийг эсэргүүцсэн ард иргэд дээд шүүхийн үүдэнд цугларч эсэргүүцлээ илэрхийлэн тайван жагсаал зохион байгуулж байна. 1993 онд Польшийн дээд шүүхээс гэр бүл төлөвлөлт, ургийг хамгаалах, жирэмслэлтийг зогсоох нөхцөлүүдийн тухай хуулийг баталсан бөгөөд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх гурван нөхцөлийг тусгасан юм.
Үүнд:
- Эхийн амь нас, эрүүл мэндэд жирэмслэлт нь аюул учруулах,
-Төрөлхийн гажиг илэрч ургийн амь насанд халтай эдгэршгүй өвчин илэрснийг батлах эмнэлгийн баталгаатай тохиолдолд,
- Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас жирэмслэлт үүссэн бол үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрдөг байсан юм. Харин Польшийн дээд шүүхээс төрөлхийн ургийн гажиг аль эсвэл амь насанд халтай эдгэрэшгүй өвчин урагт илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг хориглох шийдвэр гаргасан нь тус улсад далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, олон мянган эмэгтэй хууль бус үр хөндөлтийн хохирогч болно гэж хууль тогтоомжийг эсэргүүцсэн идэвхтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдсэн байна. Уг шийдвэрийг одоогийн Польшийн эрх баригчдын нэлээд хэсгийг бүрдүүлдэг барууны болон Консерватив хүчний төлөөлөгчид дэмжээд байгаа юм. Харин өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын ерөнхий сайд Матеуш Моравиецки эсэргүүцлийн жагсаал болон хуулийн заалтын талаар тодруулга өгөхөөс татгалзаж, "Ковид-19" халдварын тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтооно гэж мэдэгдсэн байна. Харин европтоо хамгийн хатуу хуулиудын нэгд тооцогддог Польшийн үр хөндөлтийн тухай хуулийг зүүний болон либерал нам хуулиар хориглохыг эсэргүүцээд байгаа юм. Польшийн дээд шүүхээс гаргасан үр хөндөлттэй холбоотой шийдвэр "Хууль эрх зүйн албан ёсны хэвлэл"-д нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болох юм.тэр цаг мөчөөс эхлэн Польш эмэгтэйчүүдийн амь насанд аюул учирсан аль эсвэл гэмт хэргийн хохирогч болсны улмаас жирэмсэлсэн гэсэн хоёр шалтгаанаар үр хөндүүлж болох юм байна. Тус улсад өнгөрсөн оны байдлаар үр хөндөлт хийлгэсэн тохиолдлуудын 98 хувь нь төрөлхийн ургийн гажиг аль эсвэл амь насанд халтай эдгэршгүй өвчин урагт илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтад дээр үндэслэжээ. Харин үлдсэн 2 хувь нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас жирэмслэлт үүсэж үр хөндөлт хийлгэхийг хүссэн заалтад дээр үндэслэсэн байна. Тухайн онд Польш улсад 1116 үр хөндөлт хийгдсэн ч албан бус тооцооллоор, гадаад улсад хийгдсэн хууль бус үр хөндөлтийн тоо энэ тооноос арав дахин илүү байх магадлалтай юм.