Тэгвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тойргуудын санал авах байруудын санал хураалт хаагдаж, дүнгээ танилцуулж эхлээд байгаа. Тэгвэл 18 цагийн байдлаар Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп сонгогчдын төлөөлөгчдийн 213 санал аваад байгаа бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогчдын төлөөлөгчдийн 253 санал авжээ. Сонгуульд ялахын тулд нэр дэвшигчид 50 мужийн 538 сонгогчдын төлөөлөгчийн саналаас хамгийн багадаа 270-ыг цуглуулах шаардлагатай юм. Өнөөдрийг хүртэл Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хороод саналын хуудсыг тоолсоор байна. Урдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден олон төлөөлөгчийн саналтай байгаа ч саналын үр дүнг эцэслэн олон нийтэд зарлаагүй зарим мужуудад Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялах магадлалтай байна. Санал тооллогын үр дүн эцэслэн гараагүй байгаа Жоржиа, Умард Каролина, Пеннсилвань мужид нэр дэвшигч Трамп ялах магадлал өндөр байгаа бол Аризона, Невада мужид нэр дэвшигч Жо Байден ялах нь тодорхой болжээ. Энэ жил "Ковид-19" халдварын улмаас 101 сая сонгогч саналаа шуудангаар илгээсэн тул санал тоолох ажил удааширч магадгүй байгаа юм. Одоогийн байдлаар Жоржиа мужид 200 мянган санал тоолох дутуу байгаа бол невада мужид саналын дөнгөж 45 хувийг нь тоолоод байна. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Америкийн нэгдсэн улсын Конгрессын төлөөлөгчдийн болон Сенатын танхимын сонгууль явагдаж байгаа юм. Санал тооллогын явцаас харвал хоёр танхимд ардчилсан нам дийлэнх суудлыг авах магадлалтай байна. Харин тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Америкийн Нэгдсэн Улсын 101 сая гаруй иргэн хугацаанаасаа өмнө саналаа өгсөн нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нийт ирцийн 3-ны 2-ыг давсан үзүүлэлт болжээ.