Шүүхийн тухай багц хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шүүхийн реформ яаралтай хийх шаардлагатай гэж эрх баригчид үзэж байгаа. Тэгвэл шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг засгийн газраас болон ерөнхийлөгчөөс УИХ-д хууль өргөн барьсан. Гэхдээ ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай гурван хуулийн төсөл засгийн газраас өргөн барьсан хуультай Концепцын хувьд нийцээгүй, нэгтгэх боломжгүй учраас хууль санаачлагчдад буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрт УИХ дахь монгол ардын бүлэг хүрсэн. Харин цөөнхийн бүлэг хэлэлцэх шаардлагатай гэж мэдэгдээд байгаа юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлж, шүүхийн тухай хуулиа шинэчлэн найруулж, батлах үүрэг энэ парламентад ногдож байна. Тэгвэл шүүхийн реформ хийхээр засгийн газар, монгол улсын ерөнхийлөгчөөс тус тус хуулийн төсөл өргөн бариад байгаа. Засгийн газраас өргөн баригдсан хуулийн төслийн тухайд, өнгөрсөн баасан гарагийн байдлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Харин ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай 3 хуулийн төслийн тухайд хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд буцаах санал гаргасан. Тэгвэл хоёр нам дараах байр суурийг бүлгийн хуралдаанаараа илэрхийлээд байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлж, шүүхийн хараат бус байдлыг төгөлдөржүүлэх зорилготой шүүхийн тухай ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийг ерөнхийлөгч томилохоор тусгасан бол засгийн газрын өргөн барьсан төсөлд тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ томилохоор тусгажээ. Харин ерөнхийлөгчийн төсөл дээр сахилгын хороог орон тооны байх, бие даасан хараат бус байдлаар зохион байгуулахаар зааж, УИХ-аас сонсгол хийж томилох бол засгийн газрын төсөл дээр сахилгын хорооны одоо байгаа зохион байгуулалтыг хэвээр хадгалахаар заасан. Харин хариуцлагын тухайд, ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуульд, шүүхийн сахилгын хорооны шийдвэр эцсийнх байх бол засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд шүүгчийн сахилга хариуцлагатай холбогдуулан сахилгын хорооноос шийдвэр гаргалаа ч хууль зөрчиж байна гэж үзвэл дээд шүүхэд гомдол гаргахаар байгаа юм. Ямартаа ч шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, үндсэн хуулиар амилуулах асуудал энэ парламентын өмнө хүлээгдэж байна.