Агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ сүүлийн дөрвөн жилийн байдлаар 41-52 хувиар буурчээ

Нийслэлчүүдийн хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд гол бэрхшээл болсон агаарын бохирдлоос ангижрах алхмуудыг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд 41-52 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглож, нам даралтын зуухыг нүүрсээр галлахыг зогсоосон. Харин энэ оноос засгийн газрын тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлж, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэдэг болоод байна. Мөн 11-р сар гарснаар эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг мөрдөж эхлээд байгаа юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар засгийн газраас мэдээлэл хийсэн юм.

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэх,  сайжруулсан түлшээр Нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалан хэрэгжүүлсэн. Улмаар Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гэж мэдээлж байна. Харин цаашид агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнг бататгаж, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн, Нийслэлийн утааг 80 хувь бууруулах, мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах зорилтыг ирэх онд тавьжээ.