Хөхний хорт хавдрын 1, 2-р үе шатанд зовуурь илэрдэггүй нь хожуу үе шатандаа оношлогдох шалтгаан болдог

Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд зонхилох өвчлөлийн тоонд хөхний үрэвсэл, хөхний хорт хавдрын өвчлөл орж байна. Тухайлбал Монгол улсын хэмжээнд хөхний хорт хавдрын өвчлөл эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, дэлхий дахинд хоёрдугаарт орж байгаа юм. Тэгвэл хөхний хорт хавдрын 1, 2-р үе шатанд зовуурь илэрдэггүй нь хожуу үе шатандаа оношлогдох шалтгаан нөхцөл болдог байна. Хавдар судлалын үндэсний төвд оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 60-70 гаруй хувь нь хожуу шатандаа орсон байдаг байна. Иймээс эмэгтэйчүүдийн тухайд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хөхөө тогтмол шалгах, ажиглах, мөн урьдчилан сэргийлэх үзлэгт  тогтмол хамрагдаж байх шаардлагатай  юм. Хөхний хорт хавдрыг эрт илрүүлснээр тухайн  хүний амь насыг аврах, амьдрах хугацааг уртасгах боломжтой байдаг байна.