АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч “Жо Байден” сонгогдлоо

Өнгөрөгч долоо хоногийн тухайд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн явц, 46 дахь ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол гэсэн хүлээлт нэгдсэн улс төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Тэгвэл өчигдөр орой Америкийн нэгдсэн улсын Пенсильван мужийн сонгогчийн төлөөлөгчийн 20 саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден авснаар нийт 279 сонгогчдын төлөөлөгчийн саналтай болж нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Америкийн нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуулийг түүхэн дэх хамгийн хүнд, эгзэгтэй үед болсон сонгуулиудын нэг гэж олон улсын ажиглагчид үзэж байсан юм.

Тодруулбал, "Ковид-19" халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тус улсад сонгуульд санал өгөх эрхтэй 170 сая орчим иргэн байдаг ч цар тахлын өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлоос үүдэн  санал өгөх хүмүүсийн тоо 50 саяд хүрэх байх гэж эрх баригчид үзээд байжээ. Тэгвэл тус улсын эрх баригчид "Ковид-19" халдварын улмаас сонгууль болохоос өмнө нэг сар гаруйн хугацаанд саналын хуудсыг цахим шуудангаар авах шийдвэр гаргасан бөгөөд нийт 101 сая хүн цахим шуудангаар саналын хуудсаа явуулсан нь түүхэнд бичигдэх явдал болсон байна.

Харин өнгөрөгч баасан гарагийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден олон төлөөлөгчийн саналтай байсан ч саналын үр дүнг эцэслэн олон нийтэд зарлаагүй зарим мужуудад Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялах магадлалтай байсан юм. Санал тооллогын үр дүн эцэслэн гараагүй байгаа Жоржиа, Умард Каролина, Пенсильван мужид нэр дэвшигч Трамп ялах магадлал өндөр байсан бол Аризона, Невада мужид нэр дэвшигч Байден ялах нь тодорхой болсон байжээ. Тэгвэл Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп ялах магадлалтай байсан Пенсильван мужид нийт сонгогчдын 49.6 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден авснаар тус мужийн сонгогчдын төлөөлөгчдийн 20 санал мөн түүнчлэн Невада мужийн сонгогчдын төлөөлөгчийн 6 санал нэмэгдсэнээр нийт 279 саналтай болж дараагийн ерөнхийлөгч болох болзлоо хангасан байна.

Энэ тухай Америкийн нэгдсэн улсын CNN, BBC, NEW YORK TIMES  болон WASHINGTON POST зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар нэр дэвшигч Жо Байденд нэгдсэн улсын 74 сая гаруй сонгогч саналаа өгсөн бөгөөд энэ нь Америкийн нэгдсэн улсын сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Тэрээр Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох бөгөөд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болжээ.

Харин дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Камала Харрис нь Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх анхны эмэгтэй, анхны Африк гаралтай, анхны Ази гаралтай дэд ерөнхийлөгч болсон байна. Америкийн нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол ирэх 2021 оны 1-р сарын 20-нд болох бөгөөд  хамгийн түрүүнд "Ковид-19"-ийн халдвартай тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан Америкчуудыг нэгтгэж, нийгмийг тогтворжуулах чухал зорилтууд хүлээж байгаа юм.

Харин одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ сонгуулийн дүнд луйвар орсон гэж үзсэн тул дээд шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлээд байна.