ГБХЗХГ: Зарим эцэг эхчүүдийн тухайд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга болон амьдрах ухааны боловсрол дутмаг байна

Хүүхдийн  өсч торних хамгийн эрүүл, аюулгүй орчин бол гэр бүлийн орчин байдаг. Харамсалтай хүчирхийлэлд  өртсөн хүүхдүүдийн дийлэнх хувь нь ойрын хамаарал бүхий хүмүүстээ гэр бүлийн орчинд хүчирхийлүүлсэн байдаг байна. Иймээс тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд, эцэг эхийг  хүүхэд хүмүүжүүлүүлэх эерэг аргад суралцуулах шаардлагатайг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анхааруулж байна. Өнгөрсөн онд манай улсын хэмжээнд 31 мянга 524 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээр гэмт хэргээс 6 мянга 400 гаруй нь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил байна. Хэрэг үйлдсэн этгээдүүдэд тухайн дүүрэг, хорооны эргүүлийн цагдаа очиж, шалгалт хийдэг бөгөөд тухайн этгээдийг эрүүлжүүлэх буюу түр саатуулах байрт саатуулж, торгох арга хэмжээ авдаг байна.  Иймээс хүүхдийн эрх зөрчигдсөн гэр бүлийн зан үйл, нийгэмшил амьдрах ур чадвар, сэтгэлзүйн байдалд үнэлгээ хийж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах нь цаашид хүчирхийлэл давтагдахаас сэргийлх чухал ач холбогдолтой юм. Мөн зарим эцэг эхчүүдийн тухайд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга болон амьдрах ухааны боловсрол дутмаг байгаа талаар мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг эцэг эхчүүдэд ойлгуулах, мөн өөрсдийн сэтгэл хөдлөлөө удирдах, тогтвортой байлгах зэрэг боловсролыг олгох нь хамгийн чухал байна.