Өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Халиф Бен Заид аль нахайян тус улсын хувь хүний тухай хууль, эрүүгийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. Тус нэмэлт өөрчлөлтөд архи, согтууруулах ундаа хэрэглэх, гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдрах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохыг болиулах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд багтсан байна. Тус шинэчлэлт нь гэр бүл салалт, согтууруулах ундааны хэрэглээг хамарсан хууль эрх зүйн тогтолцоонд хийсэн томоохон ахиц дэвшил болж байна гэж Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчид мэдэгджээ. Архи согтууруулах ундааны журмын тухайд, одоог хүртэл дэлгүүр, шөнийн цэнгээний газар, зоогийн газраас архи, согтууруулах ундаа худалдаж авахыг зөвшөөрдөг тусгай картын систем үйлчилдэг байсан юм. Мөн түүнчлэн худалдан авах, гэр орондоо хадгалахад хүртэл засгийн газраас авсан тусгай зөвшөөрөл шаардагддаг байжээ. Тэгвэл тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зүйл ангийг хүчингүй болгосноор архи согтууруулах ундаа хэрэглэсэн аливаа нэгэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахгүй болсон байна. Гэхдээ 21-ээс доош насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарж борлуулах оролдого хийсэн эсвэл зарж байгаад баригдсан хүнд хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх заалт хэвээр үлджээ. Тэгвэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдрах журмын тухайд, ураг төрлийн холбоогүй эсвэл гэрлээгүй хосуудыг хамтран амьдрахыг энэ даваа гарагаас эхлэн зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ насанд хүрээгүй хүүхдүүд, сэтгэцийн эмгэгтэй хүмүүст аливаа нэгэн этгээд халдсан тохиолдолд хуулийн байгууллагаас оноох ялыг чангатгасан байна. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах хүртэл ял оноох бөгөөд эмэгтэйчүүдийг сэтгэлзүй болон бэлгийн дарамт үзүүлсэн бол илүү хатуу шийтгэл ногдуулахаар болсон байна. Харин олон улсын ажиглагчдын зүгээс тус шинэчлэлтийг жуулчид болон гадаадын хөрөнгө оруулалтыг арабын нэгдсэн эмират улсад нэмж татах, мөн тус улсын иргэдэд зориулсан журмыг хялбарчлахад чиглэсэн гэж үзэж байгаа юм.