Өнгөрөгч бямба гарагийн орой Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нийт 279 сонгогчдын төлөөлөгчийн санал аван ялж, нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангасан юм. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын 20-нд төрийн тэргүүний албан тушаалдаа орох бөгөөд одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан хэд хэдэн зарлигийг хүчингүй болгох төлөвтэй байна гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзээд байна. Энэ сарын 3-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад 46 дахь ерөнхийлөгчийн сонгууль болж, тус улсын нийт 150 сая гаруй сонгогч саналаа өгсөн юм. Өнөөдрийг хүртэл зарим мужуудад саналын хуудаснуудыг тоолсоор байгаа ч Америкийн CNN, BBC болон New York Times зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялсан нь тодорхой гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден сонгуульд ялалт байгуулснаа зарласан бөгөөд одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн хэд хэдэн санаачлага, зарлигийг цуцлах бодолтой байна гэж ажиглагчдын зүгээс үзжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт Америкийн Нэгдсэн Улсыг эргэн нэгдүүлж, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн улсыг гаргах үйл явцыг цуцалж магадгүй юм байна. Түүнчлэн тэрбээр Исламын шашинт орнуудаас ирсэн иргэдийг Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэхийг хориглосон хоригийг цуцалж, хууль бусаар ирсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг Америкийн Нэгдсэн Улсад үлдэх боломжийг олгодог хөтөлбөрийг сэргээж магадгүй юм байна.мөн ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден хамгийн түрүүнд "Ковид-19"-ийн халдвар тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан Америкчуудыг нэгтгэж, Нийгмийг тогтворжуулах нэн шаардлагатай талаар мэдэгджээ.харин одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ сонгуулийн дүнд луйвар орсон гэж үзсэн тул дээд шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.