“АЛТАН СУДАЛ” УСК  2020 ОНЫ 11-Р САРЫН 12-ООС  БҮХ КИНО ТЕАТРУУДААР ГАРЧ ЭХЭЛНЭ

“Алтан судал” уран сайхны кино энэ сарын 12-ноос бүх кино театруудаар гарч эхэлнэ. Тус киноны продюсер Эва Кэммийн ярилцлагыг хүргэе.

Таны хамтрагч Тобиас Сиберт 2003 онд Мюнхений Телевиз, Кино урлагийн сургуулийг төгсөхдөө “ИНГЭН НУЛИМС” киног энэ киноны найруулагч Бямбаатай хамтарч хийсэн байдаг. Одоо 17 жилийн дараа “BASIS BERLIN” кино компани АЛТАН СУДАЛ киног үзэгчдийн хүртээл болгож байна. Алтан судал киноны зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн энэ хугацаанд өөр компаниудтай хамтран хоёр ч бүтээл хийжээ. Найруулагч Д.Бямбасүрэн та хоёр хэрхэн ахин учрав?

Урьд урьдны бүтээлүүд дээр нь ч гэсэн бид оролцоотой ажилласан л даа. Ерөнхийдөө анх хамтран ажилласнаасаа хойш байнгын холбоотой байсан. “Алтан Судал”-ын хувьд, Бямбаагийн анхны  бүрэн хэмжээний уран сайхны  кино зохиол дээр суурилсан уран бүтээл болж байгаа учраас бидэнд хамтран ажиллах санал тавьсан юм. Тэр үед л бидний он удаан жилийн хамтын ажиллагаа эргэн сэргэсэн. Бямбаа уран бүтээлийн багаа маш өвөрмөцөөр бүрдүүлдгээс гадна хоёр өөр ертөнцийг хооронд нь холбох онцгой авьяастай хүн. Зураг авалт эхэлсэн эхний өдөр оройн хоолны үед нэг хүн босоод Монгол уртын дуу дуулж эхэлсэн л дээ. Дараа нь бүгд ээлж ээлжээрээ дуулж эхэлсэн. Харин миний ээлж болоход би “Kein schöner Land" дууны хоёрдугаар бадгийн үгийг утаснаасаа харан байж дуулсан нь миний хувьд ичгэвтэр л байсан. Тухлаг гэр сууцанд байрлаж, Монголчуудтай нэг баг болж хамтран ажиллахад хүмүүс яг л нэгэн гэр бүл шиг цуглаж, дуулж, хуурдах нь хэвийн үзэгдэл юм билээ. 

Таны бүтээсэн уран бүтээлүүдийн дунд улс төрийн баримтат кинонууд цөөнгүй бий. Энэ киног ч гэсэн хагас баримтат, хагас зохиол дээр суурилсан гэж үзэж болох уу? Улс төрийн үзэл суртал томоохон нөлөөлөх хүчин зүйл нь байв уу? 

Киноны цаад хэлэмж, гол санаан дээр суурилж л бидний ажил явна шүү дээ. Үзэгчдэд хүргэхийг хүссэн гол санаагаа орхигдуулалгүйгээр олон орны үзэгчид үзэж болохуйц бүтээл туурвихыг зорилоо. Тиймээс ч нийгэмд байнга тулгардаг сэдвүүд дээр илүү төвлөрч ажилласан гэж харж байна. Киноноос маань үзэгчид өөрийн тусгалаа олж харахын сацуу, оюундаа дүгнэлт хийгээсэй гэж хүссэн. Хэдий тийм боловч, бас тогтсон нэг байр суурийг барихаас зайлсхийсэн л дээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголд хэд хэдэн удаа ирэхдээ Монгол оронд гарч буй эрс тэс өөрчлөлтүүдийн гэрч болж байсан маань ч энэ киног бүтээхэд хувь нэмрээ оруулсан болов уу.

Найруулагч Д.Бямбасүрэнгийн бүх бүтээлүүд баримт болон уран сайхны дүрслэл, тухайн өгүүлэмжийн талаарх хувийн үзэл санаа болон цэвэр уран сайхны хурц дүрслэлүүдийн давс хужирыг нь яг тааруулж оруулсан байдаг. Кино бүтээх энэ арга барилыг та юу гэж тодорхойлох вэ?

Туршлагад тулгуурласан маш нарийн өгүүлэмж бүтээдэг арга барил. Туршлага өөрөө түүхийг бүтээдэг. Хаа нэг тийшээ аяллаар явлаа гэж бодоход, түүх шинэ шаардлагаа дагаад хөгжиж байх жишээтэй. Уг төслийг хөгжүүлэх явцад ч гэсэн мөн адил. Параметрүүд гадны хүчин зүйлсээс шалтгаалан байнга өөрчлөгдөж байв. Яг зургаа авах гээд бэлдэж байхад нэг нүүдэлчин амьдралынхаа түүхийг бидэнд ярина. Ярьсан түүхэнд нь тааруулж аль хэдийн хийчихсэн зүйлээ нэмж өөрчилнө. Гэсэн хэдий ч Алтан Судал бол Бямбаагийн  уран сайхны кино зохиолтой ажиллаж байгаа анхны кино гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Цэвэр мэдрэмжээрээ хийж ирсэн урьдны кинонуудаас нь тэс өөр.

урьд өмнө танай компанийн хийж байсан бусад кинонуудын бүтсэн үйл явцаас “Алтан судал” киног бүтээсэн үйл явц ялгаатай юу?

Кино бүхэн өөр өөр арга барил шаарддаг. Бид ч өөрийн гэсэн онцлог, хүчирхэг хэв маягтай найруулагчдыг хайдаг. Кино бүтээх үйл явцын хамгийн сонирхолтой хэсэг нь тайз засал. Хаанаас яаж, юуг дүрсэлвэл илүү дээр вэ гэх мэт. Аливаа нэг ангилалд хязгаарлагдаж сэтгэнэ гэдэг бол өөрийнхөө урд тавьж болох хамгийн том саад юм. Тийм ч учраас нэгэн хэвийн арга барил гэдэг хөгжүүлэлтийн явцад огтхон ч сонирхолтой биш, ихдээ л эргээд харахад сайхан санагдах байх.

Судалгааны тал дээр хамтарч ажилласан хүн бий юу?

Байхгүй ээ. Бямбаа маань л Монгол руу хэд хэдэн удаа аялаж, өөрийн олж хуримтлуулсан туршлагаа кино зохиол дээр нэмэрлэж байсан. Түүний хувьд үнэн зөв байдал маш чухал.

Таны хувьд Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах ямар байсан бэ?

Хоёр ертөнц хоорондоо нэгдэж, продюсерын хувьд тус бүрээс нь юуг авч болох, яавал хамтдаа төгс зохицох вэ гэдгийг л их бодсон доо. Онцгой нэгэн бэрхшээл тулгарсан нь Монголын соёл, хөдөө нутгийн зам харгуйтай дасан зохицох явдал байв. Хоёр улсын уран бүтээлчид энэ тал дээр их зүйл суралцсан даа. Жишээлбэл, аялал төлөвлөлтийн явцад зорьсон газар маань хэдэн километр вэ гэхээс илүүтэйгээр цаг агаарын байдал ямар байгааг тооцох хэрэгтэй болдог. Азаар, урьд нь Бямбаагийн бүх кинон дээр ажиллаж байсан жолооч энэ удаад ч гэсэн бидэнтэй ажилласан. Бид танилцаад 19 жил болж байгаа бөгөөд кино гэр бүлийн маань нэг хэсэг болсон гэж хэлж болно. Энэ удаагийн кино баг урьд өмнөхөө бодвол хамаагүй өнөр өтгөн байсан нь л бяцхан сорилт боллоо. Гэсэн ч бүх зүйл асуудалгүй сайхан бүтсэн. 

Монголд хийсэн зураг авалтынхаа талаар бидэнтэй хуваалцаач? Нөхцөл байдал хэр байсан бэ? Өнгөрсөн 19 жилийн хугацаанд Монгол орон нэлээд өөрчлөгдсөн шүү дээ...  

Харилцаа холбооны салбарт том өөрчлөлт гарсан байсан. Гэвч өмнөх удаа ирэхэд байсан зарим нэг зүйлс ч байж л байсан. Гэр сууцанд байрлах, Оросын фургон автомашинаар замд явах гээд л. Монгол уран бүтээлчдийн ихэнх нь Англиар ярьж чаддагүй нь бидний хооронд асар том хаалт босгож байв. Түүээс гадна тэд Герман уран бүтээлчдээс тэс өөр цагийн хувиараар ажилладаг юм билээ. Өдөрт 10 цаг ажиллаж, амралтын хоёр өдөр амрах нь тэдний хувьд байж боломжгүй санагдсан биз. Заримынх нь хувьд амьдралынх нь хамгийн тайван зураг авалт байсан биз, зарим нь одоо ч Фэйсбүүк дээр тэр тухайгаа бичсээр байгаа.

Та жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

Энэ удаа, өмнөх кинонуудаас ялгаатай нь Бямбаатай хамтран ажиллаж байсан найруулагч Батцэцэг жүжигчдээ шалгаруулж, зураг авалт явагдсан. Энэ нь өөрөө их давуу тал байлаа. Хүүхдүүдийн хувьд, дуулж, морь унаж Монголд амьдардаг мэргэжлийн бус жүжигчдийг сонгосон. 

Уран бүтээлээ нийгмийн ямар бүлгийн хүмүүст хүргэхийг зориж байна вэ? 

Анхнаасаа бид бүх үеийнхэн хамтдаа үзэх ёстой гэр бүлийн кино гэж бодож хийсэн. Учир нь манай кино өргөн хүрээг хамарсан утга агуулгатай. Тодруулбал, тогтвортой байдлын зарчим болон богино хугацаанд ашиг олох зэрэг түгээмэл сэдвийг ашигласан. Түүнчлэн , хүмүүс хоорондын сөргөлдөөн, үе дамжин бие биеэсээ соёл суралцах зэргийг багтаасан.  Гэхдээ энэ бол уул уурхайг эсэргүүцэгч,тэмцэгч нарын дуу хоолой болгох гэж  хийсэн суртал ухуулагын кино биш юм.