Улс орнуудын тухайд "Ковид-19" цар тахалтай "одоо байгаа хуулийнхаа дагуу мөн онц байдал зарлах, эсвэл тусгайлсан хууль гаргах" замаар тэмцэж байна. Харин манай улс энэ цаг үед тусгайлсан хуультай болж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг авч байна. Ингэхдээ одоогийн нөхцөлд онц байдал зарлахгүйгээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээ ахиуллаа. Тодруулбал, өчигдөр өглөөний 06:00 цагаас эхлэн хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа юм. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гамшгаас хамгаалах бэлэн байдал нь: Өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн гэсэн 3 зэрэгтэй.
Хэрэв бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжвэл өдөр тутмын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлдэг. Тэгвэл манай улсын тухайд 5 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд орж, харин хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх болон стратегийн зориулалттай гэх мэт 11 төрлийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна.
"Ковид-19" цар тахлын улмаас манай улс гамшгаас хамгаалах бэлэн байдлын гурван зэргийг дамжин өнгөрөх гэж байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар, өдөр тутмын бэлэн байдлын үед нөөц бүрдүүлэх, мэдээлэл түгээх, тооцоолох, төлөвлөх арга хэмжээ авдаг бол өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, олон нийтийн арга хэмжээ, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох арга хэмжээг авдаг. Тэгвэл манай улс анх 1-р сард өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар өнгөрсөн хугацаанд хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм үргэлжилж байсан. Харин дотоодод нэг эх үүсвэртэй голомтын халдвар 11-р сарын 11-нд бүртгэгдсэн учраас 11-р сарын 12-ны 06:00 цагаас эхлэн хамгийн сүүлийн бэлэн байдлын зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед өдөр тутмын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлдэг. Ингэснээр манай улсад тогтоосон хугацаанд буюу 2020 оны 11-р сарын 12-ны 06:00 цагаас 11-р сарын 17-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээд зэрэг 11 төрлийн үйл ажиллагаанаас бусад нь хязгаарлагдана. Тиймээс хатуу хөл хорионд орсон иргэдийг хүнс, шатахуун авахаас бусад нөхцөлд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь "Онц байдал" зарлахаас өмнөх дэглэм. Одоогоор манай улсад онц байдал зарлах шаардлагагүй гэж хуульч Мөнхсайхан судалгааныхаа дүгнэлтэд тусгажээ. Ингэхдээ, манай улс НҮБ-ын зөвлөмжүүд болон ардчилсан улсуудын сайн туршлагыг судалсны үндсэн дээр цар тахлын эсрэг тусгайлсан хуультай болж, УИХ 2020 оны 4-р сарын 29-нд баталсан. Энэ хуулиар хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөвхөн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй тохиолдолд тохирсон хэмжээнд нь хязгаарлах, мөн энэ цар тахалтай тэмцэх тусгайлсан арга хэмжээ авахыг засгийн газарт үүрэг болгох, засгийн газар болон УОК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалтууд туссан. Гамшгаас хамгаалах тухай хууль болон “Ковид 19”-ийн эсрэг хуулиар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бол хатуу хөл хорио зэрэг чанга арга хэмжээ ч авах боломжтой. Үүний тулд заавал онц байдал зарлах гэсэн хэт эрсдэлтэй арга замыг сонгох шаардлагагүй юм гэжээ.