Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч онцгой салбаруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Тэдгээр байгууллагуудад ажиллагсдыг тээвэрлэх зорилгоор ажил эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Тэгвэл Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа автобус баазууд халдвараас сэргийлэх үүднээс автобуснууддаа ариутгал халдваргүйтгэл хийж үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн нийтийн тээвэрт нийт 829 автобус үйлчилгээ үзүүлж байна. Тэгвэл зөвхөн ажил эхлэх болон тарах цагаар буюу өглөө 6-аас 10-н цаг, орой 17-оос 21-н цагт иргэдэд үйлчилж байгаа. Мөн амралтын өдрүүдэд ч дээрх цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм. Үйлчилгээд гарсан автобуснуудыг бааздаа эргэн ирэх үед нь автобусны дотор талын суудал, бариул, шал, тааз гэх мэт хүний хүрч болох бүхий л газруудад ариутгалын бодисоор халдваргүйтгэл хийж байна.
Иргэд автобусаар зорчихдоо амны хаалт, бээлий өмсөж зай барих дэглэмийг баримталж аль болох бие биеэсээ хол зогсох шаардлагатай юм. Мөн төлбөрийг бэлэн мөнгөөр бус зориулалтын картаар төлөх ёстой. Харин жолооч нарын хувьд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх эрхтэй юм. Мөн энэ үеэр хувийн таксины үйлчилгээ нэмэгдэж байна. Тэгвэл таксины жолооч нар дараах байдлаар ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахиж байна. Иргэдийг дэлгүүр, зах, нийтийн тээвэр зэрэг олон хүний хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо амны хаалт зүүж, гараа ариутгаж байх хэрэгтэйг албаныхан анхааруулж байна.