Хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний нөөцийн асуудал олон нийтийн анхаарлын дунд байна. Учир нь улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэх вий гэсэн айдас иргэдэд байж болзошгүй. Тэгвэл улсын онцгой комиссын мэдээлснээр хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа учраас хүнс нөөцлөх шаардлагагүй гэж мэдэгдээд байгаа. Харин үйлдвэрүүдийн тухайд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн процесс хэвийн явагдаж байна гэж мэдэгдлээ. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ үед төрийн болон зарим стратегийн ач холбогдолтой байгууллагууд хувийн хэвшил зэрэг 11 төрлийн хуулийн этгээд хязгаарлалтад хамаарахгүйгээр ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт юм. Одоогоор засгийн газрын шийдвэрээр улсын нөөцөөс 50 тонн мах зах зээлд нийлүүлж, харин үйлдвэрүүдийг хэвийн горимоор ажиллаж, хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах чиглэл өгөөд байгаа юм. Тэгвэл хүнсний ногооны дотоодын хэрэгцээний тодорхой хувийг ханган ажилладаг "Гацуурт хүнс" компани өдөрт зах зээлд 10 тонн хүнсний ногоо нийлүүлдэг. Харин одоогоор иргэдийн эрэлт нэмэгдсэн тэй холбогдуулан уртасгасан цагаар ажиллаж, 3 дахин ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Харин "Өгөөж чихэр боов" компанийн тухайд үйлдвэрлэл хэвийн хуваарийн дагуу явагдаж байна. Хөл хориотой холбогдуулан хэрэглэгчдийн дунд 900 граммын савлагаатай бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн байна. УОК-ын шийдвэрээр 11-р сарын 12-ны 23 цагаас эхлэн явган зорчигчийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Гэхдээ иргэд хүнсээ худалдаж авахтай холбогдуулан супермаркет, хүнсний дэлгүүр, хүнсний захаар зорчих боломж нээлттэй. Гэхдээ энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж, амны хаалт, бээлий хэрэглэхийг анхааруулж байна.
