Хонконгийн ардчиллыг дэмжигч сөрөг хүчний бүх гишүүд огцрох шийдвэр гаргажээ

Өнгөрөгч лхагва гарагт бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо Бээжин хотод хуралдаж, Хонконгийн хууль тогтоогчдод зориулсан шинэ баримт бичиг гаргасан байна. Тус баримт бичгийн дагуу Хонконгийн эрх баригчид ардчиллыг дэмжигч сөрөг хүчний дөрвөн хууль тогтоогчийн парламентийн гишүүн байх эрхийг хасчээ. Уг асуудлаас үүдэн ардчиллыг дэмжигч сөрөг хүчнээс сонгогдсон 15 гишүүн дөрвөн хууль тогтоогчийн эрхийг хассаныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хамтдаа огцрох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооноос гаргасан баримт бичигт эх оронч үзлийг хууль тогтоох зөвлөлийн бүх гишүүд заавал биелүүлэх ёстой гэсэн хуулийн заалт тусгасан бөгөөд энэ шалгуурыг хангаагүй гишүүдийг ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр парламентын гишүүн байх эрхийг түдгэлзүүлэхийг хонконгийн эрх баригчдад өгсөн байна. Тус баримт бичиг нь Хонконгийг тусгаар улс болгох үзэл санааг дэмжих, Хонконг дахь эх газрын Хятадын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, Хонконгийн хэрэгт гадаад улс, орон хөндлөнгөөс оролцохыг дэмжих, мөн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг хийдэг хууль тогтоогчдод хамаатай юм байна.тэгвэл Хонконгийн ардчиллыг дэмжигч сөрөг хүчин тус баримт бичгийг "Нэг улс-хоёр тогтолцоо" зарчмыг алдагдуулсан гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тус мэдэгдлийн дараа Хонконгийн эрх баригчид шинэ баримт бичгийн дагуу ардчиллыг дэмжигч сөрөг хүчний дөрвөн хууль тогтоогчийн эрхийг хассан байна. Хонконгийн сонгуулийн хорооноос эдгээр хууль тогтоогчийг эх оронч үзэлгүй тул шинэ парламентын сонгуульд оролцохыг нь хоригложээ. Тодруулбал, Хонконгийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авахыг уриалсан гэж тус хууль тогтоогчдыг буруутгасан байна. Тэгвэл тус асуудлаас үүдэн өнгөрөгч лхагва гарагт ардчиллыг дэмжигч сөрөг хүчнээс сонгогдсон 15 гишүүн дөрвөн хууль тогтоогчийн эрхийг хассаныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хамтдаа огцрох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Харин Бүгд Найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамны зүгээс уг асуудалд хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн байна. Гэхдээ олон улсын ажиглагчдын зүгээс энэхүү шинэ баримт бичгийг эх газрын Хонконгийн улс төрийн нөхцөл байдалд тавих хяналтаа чангатгах гэсэн оролдлого төдийгүй Бүгд Найрамдах Хятад ард улсын талыг хэт баримталсан зарим хуулийн төслийг батлахыг хориглож байсан сөрөг хүчний нөлөөг дарах гэсэн оролдлого гэж үзжээ.