АНУ-ын зарим мужуудад ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжсэн жагсаал зохион байгуулагджээ

Өчигдөр Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотод ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжсэн хэдэн  мянган хүн жагсжээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрөөс эхлэлтэй Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд будилаан орсон төдийгүй одоогийн ерөнхийлөгч Трамп сонгуульд ялалт байгуулах ёстой гэж жагсагчид үзээд байгаа юм. Жагсагчид нэгдсэн улсын төрийн далбааг барин "Сонгууль будлиантуулах үйлдлээ зогсоо" гэж хашхирч, цагаан ордны ойролцоох эрх чөлөөний өргөөнөөс дээд шүүхийн байр хүртэл жагсжээ. Нийслэл Вашингтон хотоос гадна Аризона мужид ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжсэн жагсаал, цуглаан зохион байгуулжээ. Харин мужийн эрх баригчдын зүгээс  "Ковид-19" халдварын өдөрт илрэх шинэ тохиолдол 150 мянга даваад байгаа энэ цаг үед жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг нийт ард иргэдэд уриалаад байна. Нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулахад шаардлагатай сонгогчийн төлөөлөгчийн 270 саналыг авснаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөөд байгаа ч Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хэд хэдэн зарга дээд шүүхэд болон мужийн шүүхэд мэдүүлээд байгаа юм. Харин мужуудын сонгуулийн хороо болон шүүхээс ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсныг батлах нотолгоо байхгүй байгааг мэдэгдэж, ерөнхийлөгч Трампын гаргасан зарим заргыг буцаасан байна.