Иргэд "Ковид-19" халдварт өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг талаар мэдлэггүйн улмаас цуурхалд итгэж өөрийгөө болон өөрийн эргэн тойрны хүмүүсийг халдвартай байх вий гэсэн эргэлзээ, хардлага цөөнгүй байгаа юм. Тэгвэл  "Ковид-19" халдвар, томуу өвчний үеийн шинж тэмдгийн талаар эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг хүргэж байна.

Томуу болон "Ковид-19" халдвар нь хоёулаа вирусээс үүсгэгддэг өвчин юм. Мөн дээрх халдварт өвчнүүд нь халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслаар, бохир гар, эд зүйлсээр дамжих замаар халдварладаг бөгөөд зарим илрэх шинж тэмдгээрээ хоорондоо ижил төстэй юм. Тэгвэл томуу өвчний шинж тэмдэг гэнэт илэрдэг бол  "Ковид-19" халдварын шинж тэмдэг нь ханиад томуутай харьцуулбал шинж тэмдэг удаан үргэлжлэх хандлагатай байдаг байна. Зарим үед огт шинж тэмдэг илрэхгүй байх, амт үнэр мэдрэхээ болих тохиолдол байдаг байна.

Иймээс иргэд томуу, томуу төст өвчин болон “Ковид-19” халдвар зэрэг өвчний илрэх шинж тэмдгийн талаарх мэдээллийг албаны эх сурвалжаас авах мөн эрүүл мэндийн шуурхай тусламжийн 119 утас руу залгаж “Ковид-19” халдвартай холбоотой асуулт, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм.