9-р сарын байдлаар 1,412,402 зээлдэгч арилжааны банканд зээлийн үлдэгдэлтэй байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 13 чиглэлийн хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас бусдыг хориглосон. Ингэснээр 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд бусад салбарууд "тэг" зогсолт хийснээр иргэдийн амьжиргаа тодорхой хэмжээнд тасалдах эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс банкны зээлийн төлөлт, түрээсийг хойшлуулах хүсэлтийг улсын онцгой комисст иргэд, аж ахуйн нэгжүүдээс тавиад байгаа.

 -Тэгвэл Монголбанкны 9-р сарын мөнгө, санхүүгийн статистик мэдээллээр тайлант хугацаанд, 1,412,402 зээлдэгч нийт 17 их наяд, 182 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

-Энэ зээлийн 8.7 их наяд төгрөгийн зээл нь 1 сая 402 мянган хүний  "иргэдийн зээл" байна

- Иргэдийн зээл дотроос "цалингийн зээл" жин дарж байгаа буюу 380 мянга гаруй иргэн 2.9 их наяд төгрөгийн зээлтэй

- Харин "ипотекийн зээл"-ийн тайлант хугацаанд нийт 99,559  зээлдэгч 4 их наяд 835 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

Тэгвэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах, царцаах асуудлыг судлах талаар засгийн газраас чиглэл өгчээ. Эцсийн шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргана.

Төв банкны тайлант хугацаа буюу мөнгө, санхүүгийн статистикийн 9-р сарын мэдээллээр 1.4 сая зээлдэгч арилжааны банканд 17.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс иргэдийн зээл хамгийн өндөр хувиар жин дарж байна. Үүн дотроо тэтгэврийн зээлийг 108,220 зээлдэгч, цалингийн зээлийг 380,906 хүн, картын зээл 217,907 хүн, хадгаламж, данс барьцаалсан зээл 410,148 хүн, өрхийн хэрэглээнд зориулсан зээлийг 47,340 зээлдэгч авжээ. Харин 9-р сарын байдлаар 99,559 хүн ипотекийн зээлтэй байна. Ипотекийн зээлийн 225,539.6 сая төгрөг  нь хугацаа хэтэрсэн болон чанаргүйд шилжсэн ангилалд багтжээ.

Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 11-р сарын 11-ээс 17-ны 06:00 цаг хүртэл шилжүүлсэн ч энэ хугацааг засгийн газрын 11-р сарын 15-ны ээлжит бус хуралдаанаар сунгасан. Ингэснээр иргэдийн дунд 5 хоног үргэлжлэх байсан хөл хорио 14 хоногоор нэмэгдсэн. Ингэснээр иргэдийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцаанд эрсдэл үүсэхээр байгаа юм.