БНХАУ, БНЭУ хилийн маргаантай бүсээс хүнд зэвсгээ татахаар тохиролцжээ

Бүгд найрамдах Энэтхэг улс болон бүгд найрамдах Хятад ард улсыг зааглах Кашмирын Ладакхын хилийн шугамаас сөргөлдөгч талууд хуягт техник, их буу болон өөр хүнд зэвсгүүдийг татахаар тохиролцсоныг эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, өнгөрөгч 6-ны өдөр сөргөлдөгч хоёр тал тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ өчигдрийг хүртэл сөргөлдөгч хоёр талын зэвсэгт хүчний төлөөлөгчид хилийн маргаантай шугамаас хүнд зэвсгээ татан авах ажиллагааг ямар нөхцөл, дараалалтайгаар хийхийг цахимаар болон утсаар хэлэлцэж байна гэж мэдэгджээ.

Одоогоор энэтхэг улсын хилийн цэргийн нэгтгэл Кашмирын Ладакх мужийн Пангонг-Цо нуур орчимд байгаа бол бүгд найрамдах Хятад ард улсын  хүнд зэвсэг Галван хөндийд байрлаж байгаа юм байна. Сөргөлдөгч хоёр тал гурван үе шаттайгаар хүнд зэвсгүүдээ татах ч аль улс нь түрүүлж хөдлөх нь тодорхойгүй байгаа юм. Харин олон улсын ажиглагчдын зүгээс Кашмирын Ладакхын бүс нутагт долоон сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа Энэтхэг, эх газрын Хятадын цэргийн хурцадмал байдлыг намжаах томоохон алхам болно гэж үзжээ.