АНУ-ын

2011 онд Шаттль хөтөлбөрийг зогсоосноос хойш сансрын нисгэгчээ илгээх тал дээр Оросын холбооны улсаас хараат байсан Америкийн нэгдсэн улс хоёр дахь удаагаа өөрсдийн хөлгөөр сансрын нисгэгчдээ эх орноосоо хөөргөлөө. Америкийн нэгдсэн улсын сансар судлалын салбарт түүхэн үйл явдалд тооцогдож байгаа "Крью Драгон" хөлөг  өчигдөр Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг 27 минутад Флорида мужийн Кеннедигийн сансрын баазаас олон улсын сансрын станц руу хөөрчээ.

НАСА агентлаг "SpaceX" компанитай хамтран хэрэгжүүлж байгаа "Launch America" төслийнхөө хүрээнд өөрийн сансрын нисгэгчдийг олон улсын сансрын станц руу хоёр дахь удаагаа амжилттай хөөргөжээ. 

Энэ удаагийн ажиллагаагаар дамжуулан нэгдсэн улсын сансрын нисгэгчид 2011 оноос хойш өөрсдийн сансрын хөлгөөр олон улсын сансрын станцад хүрэхээр болж байгаа төдийгүй spacex компанийн хувьд 4 сансрын нисгэгч нэг бүхээгт багтаасан анхны нислэг гэдгээрээ онцгой ач холбогдолтой үйл явдалд тооцогдож байна.

"Крью Драгон" хөлгийн багийн бүрэлдэхүүнд Америкийн сансрын нисэгчид болох Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, мөн Японы сансар судлалын Жакса агентлагийн сансрын нисэгч Соити Ногути нар багтжээ.

Тус сансрын хөлөг хөөрснөөс 12 минутын дараа дэлхийн тойрог замд орсон бөгөөд өнөөдөр өдрийн 12 цагийн үед олон улсын сансрын станцтай залгагдах байна.

"Крью Драгон" хөлгийн багийн гишүүд тойрог замд зургаан сарыг өнгөрүүлэх төлөвтэй байгаа юм. Харин одоогоор олон улсын сансрын станцын бүхээгт Роскосмосын сансрын нисэгч Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, мөн Америкийн нэгдсэн улсын НАСА агентлагийн сансрын нисэгч Кэтлин Рубинс нар ажиллаж байгаа юм.