Өнөөдрийн байдлаар хоёр аймаг

Монгол улсад “Ковид-19” халдвар, цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэд, аж ахуй нэгж хууль тогтоомж зөрчих тохиолдлууд олон гарч байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд 2020 оны тавдугаар сард өөрчлөлт оруулсан бөгөөд цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн бол, саад учруулсан бол хувь хүнийг  500 мянган төгрөгөөр торгох эсвэл, 7-30 хоног саатуулахыг хуульд заасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хатуу хөл хориотой үед иргэд, аж ахуй нэгжүүдэд хуульд орсон өөрчлөлт, одоо мөрдөгдөж байгаа зарим заалтыг танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 2 аймгийн хэмжээнд бүрэн "тэг" зогсолт хийгээд байна. Тодруулбал, 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймгийн онцгой комисс хуралдаж,  аймгийн төв  Сүхбаатар сумд бүх нийтийн бэлэн байдал зарласан. Мөн аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг  хааж, аймаг доторх машинаар болон явганаар зорчигчдын хөдөлгөөнийг хориглож, "тэг" зогсолт хийгээд байгаа юм. Одоогоор энэ тэг зогсолтын хугацаа тодорхойгүй байна. Сэлэнгэ аймгийн иргэн ц-ийн ойрын хавьтал дарханаар зорчсон гэх маршрутын өгүүлэмжтэй байсан. Тиймээс Дархан-уул аймагт 11-р сарын 13-аас хатуу хөл хорио тогтоосон. Гэсэн хэдий ч 11-р сарын 17-нд түргэвчилсэн оношлуураар шинэ тохиолдол бүртгэгдсэн учраас Дархан-уул аймгийн онцгой комиссоос 11-р сарын 17-ний 06:00 цагаас 11-р сарын 18-ны 06:00 цаг хүртэл 24 цагийн "тэг" зогсолт хийх шийдвэр гаргасан байна. Гэхдээ 11-р сарын 17-ны 14:00 цагийн байдлаар сэжигтэй тохиолдлыг баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлсэн.  Цаашид "тэг" зогсолтыг хэрхэх эсэх нь тодорхойгүй байна. Харин 11-р сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баянхутаг сумаар дамжин баталгаагүй замаар 3 иргэн нэвтэрсэн. Улмаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд, хариу эерэг гарсан. Харин  сорьцыг дорнод аймгийн эмнэлэг рүү шилжүүлж, нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор сөрөг гарсан учраас тухайн аймгийг голомт гэж үзэхгүй бөгөөд "тэг" зогсолт хийх шаардлагагүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр  засгийн газраас зарласан 11-13 төрлийн төрийн албан байгууллага, хуулийн этгээд, ААН-ээс бусад төрлийн үйл ажиллагааг зогсоосон. Анх шийдвэр гарахад зөвхөн нийслэлийн тухайд кластер буюу голомтот халдвартай учраас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, дотогш чиглэсэн хөдөлгөөнийг зөвшөөрч байсан. Харин голомтот халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээд байгаа учраас зөвхөн голомт гэлтгүй бүх аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын дэглэм үргэлжилж, аймаг руу орох болон гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.