Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг цуцлагдсанаас иргэд амьдрах газаргүй болоод байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 19-ний өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэгдэх хуваарьтай. Гэвч тус нислэгийг Монгол улсад Ковид-19 халдвар дотоодод гарсантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гараад байгаа. Тэгвэл тус  нислэгээр Европын 28 улсаас 250 гаруй иргэн эх орондоо  ирэхээр төлөвлөөд байсан  бөгөөд дийлэнх нь Франкфуртад ирээд байжээ. Эдгээр иргэд энэ сарын 18-нд амьдарч байсан байраа хүлээлгэж өгөхөөр тохирч  маргааш гэхэд амьдрах байргүй болж байгаа талаараа хэлж байна. Энэ сарын 19-ний өдөр үйлдэгдэх ёстой байсан  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байгаа. Тэгвэл энэхүү нислэгт Европын 28 улсаас иргэд эх орондоо буцах хүсэлтэй байсан бөгөөд  байгаа улсаасаа Франкфуртыг зорихоор хамгийн багадаа сая төгрөгийн  өртөгтэй цуцлах боломжгүй хатуу нөхцөлтэй билет захиалсан байжээ. Мөн энэхүү нислэг нь төлөвлөгөөт нислэг байсан учраас тус нислэгээр ирэхээр бүртгэл нь баталгаажсан иргэд эртнээс төлөвлөн оршин сууж байсан байраа хүлээлгэж өгөх өдрөө товлож, түр хийж байсан ажлуудаасаа гарчээ. Мөн оюутнуудын хувьд хичээл нь цахим болсонтой холбогдуулан оюутны байрт цаашид байрлах боломжгүй болсон бөгөөд цагийн ажил ч олдохгүй байгаа талаараа хэлж байсан юм. Иймээс иргэд нислэгийг хувиарын дагуу үйлдэхийг улсын онцгой комиссоос хүсэж байлаа. Мөн нислэгийн хувиарыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа хугацааг тодорхой болгож шийдэрлэж өгөхийг хүссэн юм.