Хүнсний дэлгүүрээс зээлээр бараа, бүтээгдэхүүн авах хүсэлтэй иргэд улам нэмэгджээ

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон нь иргэдийн хувьд гэнэтийн шийдвэр байсан. Тэгвэл захын хорооллын хүнсний дэлгүүрүүдээс иргэд зээлээр хүнсээ  авах хүсэлт урьд урьдыхаас  илүү нэмэгдсэн байна. Мөн иргэдийн тухайд  байсан бэлэн мөнгөөрөө ойр зуурын хэрэглэх хүнсээ цуглуулсан учраас цаашид хэрэглээгээ хэрхэн зохицуулах нь тодорхойгүй, хүнд байгаа талаараа хэлж байна. Монгол улсад Ковид-19 цар тахал дотоодод гарч, хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа энэ үед  ихэнх иргэдийн ажил зогсож, орлоггүй болоод байгаа. Манай сурвалжлах баг Улаанбаатар хотын захын дүүргийн гэр хорооллын иргэдтэй уулзсан юм. Иргэдийн хувьд ажил орлого нь тасалдсан тул бэлэн мөнгө нь дуусаж байгаа, иймээс цаашид хэрхэн хүнс болон түлээ нүүрсээ авах зэрэг нь тодорхойгүй байгаа талаар хэлж байсан юм. Мөн хүнсний дэлгүүрээс зээлээр бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй иргэд улам илүү нэмэгдсэн байна. Харин дэлгүүрүүдийн тухайд өдөр тутмынхаа орлогоор шинэ бараагаа татаж авдаг учраас зээлээр өгөх боломжгүй байдаг талаараа хэлж байна. Одоогоор манай улсын тухайд хөл хорионд орж, ажил орлогогүй болсон иргэдээ хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Харин гаднын зарим улс орнуудын тухайд хөл хорионы үед дэмжлэг болгож иргэн бүртээ бэлэн мөнгийн дэмжлэг олгож байсан юм.