АНУ-ЫН МОДЕРНА КОМПАНИЙН БҮТЭЭЖ БУЙ ВАКЦИН

Дэлхийн зарим улсууд "Ковид-19" халдварын эсрэг хэд хэдэн вакцины эцсийн шатны дүгнэлтийг танилцуулаад байгаа. Үүнд хамгийн эхэнд дүгнэлтээ гаргасан Америкийн Нэгдсэн Улсын Физер болон Герман улсын Бионтех компанийн хамтарсан вакцин, хоёрт оросын холбооны улсын виктор биотехнологийн компанын вакцин, хамгийн сүүлд Америкийн Нэгдсэн Улсын Модерна компани багтжээ. Хэдийгээр "Ковид-19" халдварын эсрэг вакцин бүтээх ажилд ахиц дэвшил гарч байгаа ч туршилтын үр дүн цаашид яаж өөрчлөгдөх, вакцинаар тогтоосон дархлаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч таамаглах боломжгүй гэж эмч, мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа юм. Америкийн Нэгдсэн Улсын биотехнологийн Модерна компанийн бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакцины эцсийн шатны туршилтын дүгнэлт өчигдөр орой гарчээ. Тус дүгнэлтээр туршилтад оролцсон сайн дурынхныг "Ковид-19" халдвараас 94.5 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн энэ сарын сүүл гэхэд Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас түргэвчилсэн горимоор цар тахлын эсрэг вакциндаа зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ энэхүү дүгнэлт нь сонгогдсон 95 хүн дээр хийсэн туршилтын үр дүн бөгөөд энэ сардаа багтаан илүү олон хүний туршилтын үр дүнг зарлахаа мэдэгдсэн байна.  Модерна компанийн  вакцин нь бусад вакцинуудаас илүү өндөр үнэтэй бөгөөд нэг хүнд хоёр тун хийхэд 50-аас 60 америк доллар орчим үнэтэй болох юм байна. Өнгөрөгч долоо хоногт мөн Америкийн Нэгдсэн Улсын Физер, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын бионтех компанийн хамтран бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакцины туршилтад оролцсон сайн дурынхныг цар тахлаас 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь талаар мэдэгдсэн.  Тус вакцин хөгжүүлэгчид энэ сарын сүүл гэхэд Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас цар тахлын эсрэг вакциндаа зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн дэлхийн зургаан улсын 43,500 хүн дээр хийсэн туршилтын бүрэн дүгнэлт энэ долоо хоногтоо багтаж гаргах бөгөөд өнгөрөгч мягмар гарагт гаргасан дүгнэлт нь сонгогдсон 94 хүн дээр хийсэн туршилтын үр дүн юм байна.  Хоёр улсын хамтран бүтээж байгаа вакцины хоёр тун нь 40  орчим америк доллар үнээр гарах төлөвтэй байна.  Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын эм, хүнсний хэрэг эрхлэх газраас Физер болон Модерна компанийн хоёр вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох төлөвтэй байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм. Хэрвээ засгийн газар эдгээр вакцинуудад зөвшөөрөл олговол 24 цагийн дотор нэгдсэн улсын ард иргэдийг вакцинжуулж эхлэхэд бэлэн байгааг компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Харин оросын холбооны улсын эрдэмтдийн бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг "спутник 5" вакцины эхний туршилтын дүгнэлт 92 хувийн үр дүнтэй гарсныг эрх баригчид өчигдөр зарлажээ. Энэ нь нь 20 хүн дээр хийсэн туршилтын дүгнэлт бөгөөд цаашид зургаан сарын турш үргэлжлэхийг оросын холбооны улсын хөрөнгө оруулалтын сан мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар орост 45 мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан гэх бөгөөд энэ оны сүүлээр 1.5 сая хүн хамрагдсан байхаар төлөвлөжээ.