Зохион бүтээгчид хүн хоорондын зай хадгалахад туслах малгайг бүтээжээ

Дэлхий дахинд "Ковид-19"-ийн халдвар дэгдэж, нийт хүн амын тэн хагас нь хөл хорионд орсон ч зохион бүтээгчид энэ цаг хугацааг ашиглан хүнд хэрэгтэй, сонирхолтой бүтээлүүдээ танилцуулжээ. Тэгвэл та бүхэнд цар тахлын үед хамгийн хэрэг болсон шинэ бүтээлүүдийг танилцуулъя.  Цар тахлын эхэн үед дэлхийн боловсролын бүх байгууллага зогсонги байдалд орж, сурагчид цахим горимоор хичээлээ хийх болсон. Тэгвэл "Ковид-19" халдварын өдөрт илрэх тохиолдол буурсан улс орнууд Сургууль, Цэцэрлэг, зоогийн газар, Кино театр, Музейн үйл ажиллагааг хүн хоорондын зай барихыг үүрэг болгон нээж эхэлсэн юм. Энэ цаг үед хүн хоорондын зайг 2 метр хүртэл барих шаардлагатайг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд сануулж байжээ. Харин улс орнуудын зохион бүтээгчид эртний хятадын хааны титэм, малгайнаас санаа аван нийгмийн биет хязгаарыг хязгаарлахад туслах малгай бүтээсэн байна. Энэхүү малгайг хаана ч өмсөж болох бөгөөд гар доорх материал ашиглан хийх боломжтой юм. Бүгд Найрамдах Хятад Ард улсад шүхрэн малгай ашиглаж байгаа бол холбооны Бүгд Найрамдах Герман Улсад усан сангийн хөвдөг тоглоом, Бүгд Найрамдах Франц улсад хайрцагны цаас ашиглан хүн хоорондын зай хязгаарлахад туслах малгайг бүтээжээ. одоогоор энэхүү шинэ санааг хэн бодож гаргасан нь тодорхойгүй байгаа юм. Харин цар тахлын үед оёдолчин мэргэжил хамгийн эрэлттэй байсан талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа. Тодруулбал, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтийн газар болон бүхий л цаг үед амны хаалт зүүх шаардлага ард иргэдэд хүргүүлсэн нь тус бүтээгдэхүүний хэрэгцээ болон эрэлтийг нэмэгдүүлсэн байна. Харин нэг удаагийн амны хаалтын оронд даавуун амны хаалт хэрэглэх хүсэлтэй хүмүүс дэлхий дахинд олширсон тул хувцасны оёдолчид даавууны өөдөс болон бусад материалыг ашиглан амны хаалт хийх болжээ. Даавуун амны хаалт нь нэг удаагийн амны хаалтыг бодвол байгаль, экологид сөрөг нөлөөгүй төдийгүй санхүүгийн хувьд хямд тусдаг байна. Гэхдээ эдгээр амны хаалт нь сонсголгүй, ярианы бэрхшээлтэй иргэдийн хувьд цар тахлаас илүү хүнд хэцүү байсан талаар хэрэглэгчид мэдэгдсэн юм. Үүнээс үүдэн зохион бүтээгчид амны хэсэг нь харагддаг амны хаалтыг бүтээж эхэлсэн байна. Дэлхий даяар нийт 466 сая гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд энэхүү шинэ бүтээл нь эдгээр хүмүүст цар тахлаас өөрсдийгөө хамгаалахын зэрэгцээ хэн нэгэнтэй ярилцаж, юу болж байгаа талаар мэдэхэд тусалж байна гэж амны хаалт хэрэглэж байгаа хүмүүс мэдэгджээ.