Г.Батсүх: Хатуу хөл хорио удаан үргэлжилбэл барилгын салбар сэргэх хүртэлх хугацаанд хүндрэл үүсэх эрсдэлтэй байна

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, өнөөдрийн байдлаар нийт ажиллах хүчний 15-20 хувийг ажиллуулах чиглэлийг улсын онцгой комиссоос гаргасан. Өөрөөр хэлбэл, засгийн газраас баталсан 13 чиглэлээс бусад үйл ажиллагааг хязгаарласнаар нийт ажиллах хүчний дийлэнх хувийн ажил зогсоод байгаа юм.  Харамсалтай нь хатуу хөл хорио тогтоох шийдвэр бүх нийтийн хувьд гэнэтийн байсан учраас зарим салбарт хүндрэл дагуулж эхлээд байна. Тухайлбал, барилгын салбарт өвлийн бэлтгэлээ хийж чадаагүй,  төлөвлөгөөт халаалт, дулаанаа холбуулж амжаагүйгээс барилга хөлдөх зэрэг эрсдэл үүсэж эхэлжээ.

Манай улсын барилгын салбарт 10 мянга гаруй ААН байгууллага үйл ажиллагаа явуулж, 100 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Гэтэл цар тахлаас үүдэж, энэ салбар салбарын онцлогоос хамаарч цахим хэлбэрээ явуулах ямар ч боломжгүйгээр сул зогсолт хийж эхлээд байна.

Барилгын салбар нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг. Салбарын ихэнх ажил төсвийн, төрийн хөрөнгө оруулалтаар явагддаг. Гэвч төрөөс олгох санхүүжилт зогссон мөн дансаа хаалгасан зэрэг нөхцөл байдалтайгаар өнөөдрийг хүрч байгаа юм байна. Гэтэл цар тахлын үеэр хатуу хөл хорио тогтоосноос үүдэж, халаалт, дулаанаар хангах, зарим барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх, өвлийн бэлтгэлээ хийх зэрэг чухал ажлууд хүлээгдэж байна. Гэтэл бэлтгэлээ хангаж чадаагүйн улмаас зарим барилгад хөлдөх эрсдэл бүрджээ. Тиймээс улсын төсвөөр хийгдэх том ажлуудыг үргэлжлүүлэн хийх боломжоор хангах, энэ салбарыг нуруундаа үүрч байгаа 100 мянган ажилтан албан хаагчийг цаашид ажиллах нөхцөлөөр хангахыг хүссэн албан хүсэлтийг Монголын барилгын үндэсний ассосиациас холбогдох байгууллагууд хүргүүлжээ.